
Ачааны машины зориулалт болоод арын хэсгийн төрлүүд нь маш чухал юм. Үндсэндээ тухайн ачааны тэрэг ямар зориулалттай, ямар тоноглолтойгоос хамааран ямар ажилд явах нь шийдэгдэх болно. Ингээд нийтлэг төрлүүдийг авч үзье.
Тэвштэй

Та бидний хамгийн сайн мэдэх энгийн тэвштэй төрөл юм. Портер, Бонго, Зил 130 бараг бүгд л энгийн тэвштэй байдаг. Гол нь задгай тэвш нь ачаа ачих, буулгахад хялбар байдаг бөгөөд ачаатай холбоотой бүхий л зүйлсийг зөөх тээвэрлэх боломжтой байдаг нь гайхалтай. Бидний мэддэг портер мэтийн жижиг ангиллын ачааны тэрэг нь их доор тэвштэй байдгийг мэдэх байх. Хойд дугуй нь их жижигхэн байдаг шүү дээ. Ингэснээр ачаа ачих, буулгахад бүүр хялбархан болж байгаа юм.
Бүхээгтэй, дөрвөлжин

Дээр үед бид талхны машин гэж ярьдаг байсан даа, ардаа дөрвөлжин бүхээгтэй Газ 53 байсан сан. Ер нь бол дөрвөлжин бүхээгтэй ачааны тэргийг хүнсний зүйл, тавилга, электрон бараа гэх мэтийн илүү эмзэг болон нандин бараануудыг зөөхөд хэрэглэдэг. Иймэрхүү бараанууд нь өөрсдөө хайрцагтай байдаг бөгөөд ачааны тэргийн арын бүхээгт давхарлан ачихад их тохиромжтой байдаг билээ.
Төмөр рамаараа (чирэгч шаланз)


Бид заримдаа дан толгой ч гэж нэрлэдэг. Ер нь бол ардаа юу ч үгүй төрөл юм. Энэхүү толгойны ард юу ч залгаж болно. Юу ч юу байхав дээ, чиргүүл л залгах нь ойлгомжтой. Заримдаа иймэрхүү шаланз толгой нь өргөгчтэй байх нь бий. Ер нь бол ардаа юу ч үгүй гэсэн төрөлд 2 төрлийг хамруулж болох юм. Бид энэхүү 2 төрлийг нэгтгэсэн болно. Бидний мэддэг чирэгч толгой бол цэвэр толгой юм. Хүмүүс Шаланз гэх нь бий. Төрөл бүрийн ачааны чингэлэг болон чиргүүл залгаж ашиглах боломжтой. Тэгвэл нөгөө толгой нь ардаа төмөр рамаараа байгаа толгой бүхий энгийн ачааны тэрэг юм. Өөрөөр хэлбэл үйлдвэрээс арын хэсгийг хоосон үлдээж худалдан авагч хүн өөрийн хүсэлтээр тоноглох боломж олгодог байна. Тэгэхээр универсал байдалтай толгойтой машин гэсэн үг л дээ. Тэгэхээр танд ард нь ямар зориулалтын хэрэгсэл хэрэгтэй байна вэ? Тэвш үү, галын унтраах хэрэгсэл үү, ус зөөх ёмкость уу, хөргөгчтэй бүхээг үү?
Том нүсэр тэвштэй

Уул уурхай, хог шороо, барилгын материал, нүүрс, хайрга гэх мэт элдэв төрлийн задгай зүйлсийг зөөдөг том нүсэр тэвштэй машин юм. Задгай зүйлс зөөдөг учир тэвш нь маш бат бөх металаар хийх бөгөөд нилээд өндөр тэвштэй байдаг.
Ийм зүйлс нь маш хүнд байдаг тул ийм төрлийн машинууд нь том нүсэр, аварга шинжтэй байдаг. Хойноо 2 эгнээ бүхий 8 дугуйтай байх нь элбэг.
Сүүлийн жилүүдэд хятадад үйлдвэрлэсэн маш урт тэвштэй машинууд нь энэ ангилалд гарцаагүй орно.
Өөрөө буулгагч тэвштэй

Өмнө дурдсан том нүсэр тэвш нь хэрвээ өөрөө дээшээ өргөгдөж ачаагаа буулгаж чаддаг бол энэ ангилалд орно. Бидний сайн мэддэг алдарт Камаз маань энэ ангиллын сонгодог жишээ юм. Хайрга, шороо, цемент зэрэг материалуудыг ийм өөрөө буулгагч тэвштэй машинаар зөөх нь илүү амар байх нь ойлгомжтой. Олон улсад ийм тэвштэй тэргийг Dump Truck гэдэг.
Тэгшхэн хоосон гадаргуутай

Хэрвээ ачааны тэрэг тань ардаа хоосон тэгшхэн гадаргуутай бол энэ ангилалд орох ажээ. Иймэрхүү машиныг ачааны карго, барилгын компаниуд, боомтын ачаа тээшийн газруудад ашиглах нь түгээмэл байдаг. Яагаад гэвэл кранаар өргөсөн ямар нэгэн нүсэр том ачааг иймэрхүү хавтгай гадаргуу дээр хялбархан буулгаад өөр нэг газар аваачиж дахиад кранаар өргөчихдөг байна. Үүний сонгодог жишээ бол чингэлэг юм. Машины арын гадаргуу нь тэвш шиг босоо хаалтгүй учраас чингэлэг нь элдэв юманд цохигдоно гэж айлгүйгээр шууд л ачиж орхидог байна. Бага зэрэг илүү гарч байсан ч унана гэж байхгүй шүү дээ. Энэ нь түүний давуу тал юм.
Машин зөөгч


Явахгүй болчихсон машин болон тээврийн хэрэгслийг урдаас нь өргөн чирж явах зориулалттай машин юм. Ер нь бол тусгай зориулалтын л машин даа. Манайд нэг их элбэг биш боловч сүүлийн жилүүдэд машин засварын үйлчилгээ маш хүчтэй хөгжиж байгаа болохоор эрэлт хэрэгцээ нилээд байж болох юм. Өргөгч чирэгчтэй байхаас гадна тэвш нь өөрөө буугаад машинаа дээш нь гаргадаг загвар бас бий.
Ёмкость (шингэн зүйл зөөгч)

Төрөл бүрийн шингэн зүйл зөөх зориулалттай ачааны тэрэг юм. Ус, шатахуун, сүү гэх мэт төрөл бүрийн зүйл байж болно. Шингэн зүйл зөөх учраас ардаа том метал савтай байх бөгөөд тэр нь зууван хэлбэртэй байдаг.
Шингэн зүйл зөөгч машиныг жолоодох нь санаснаас амаргүй. Яагаад гэвэл шингэн зүйл явж байх үед савлах, долгилох шинжтэй байдаг нь машины тэнцвэрийг алдагдуулдаг байна. Тиймээс тэсрэх дэлбэрэх шинжтэй шатахуун, химийн бодис зэргийг зөөж байгаа машины жолооч нь онцгой сэрэмжтэй явах ёстой.
Монголчууд бид усны машин (зил 130), сүүний машин (газ 53) зэрэг ардаа танктай машинуудыг хүүхэд байхаасаа л харж өссөн дөө.
Крантай


Хүн өргөж дийлэхийн аргагүй хүнд ачааг кранаар л өргөж буулгахаас өөр аргагүй шүү дээ. Энэ үед кранаар тоноглосон машин л танд хэрэг болно. Заримдаа кран бүхий тэвштэй машин нь их хэрэгцээтэй байдаг. Үйлдвэрийн тоног төхөөрөмж, чингэлэг зэрэг хүнд ачаануудыг хэдэн ч хүн өргөөд дийлэхгүй шүү дээ.
Хөргөгчтэй бүхээгтэй

Хурдан муудах хүнсний зүйлийг хөргөгчтэй машинаар зөөвөрлөхөөс өөр аргагүй юм. Үүний гол жишээ нь зайрмаг болоод мах зөөдөг машин юм. Ардаа дөрвөлжин бүхээгтэй байх бөгөөд түүнийг хөргөгчөөр тоноглосон байдаг.
Бусад тусгай зориулалтын



Эмнэлгийн, галын, цагдаагийн, барилгын, банкны хуягласан гэх мэт олон янзаар тоноглосон машинууд байж болно. Энэ бүгдийг бид тусгай зориулалтын машинууд гэж нэгдсэн журмаар нэрлэлээ.











