Nissan Formula E баг GEN4 улирлын өмнөх туршилтад хамгийн хурдан хугацааг тогтоолоо
11-р сарын 24-нд Nissan компани Nissan Formula E баг Испанийн Мадрид хотын Харама уралдааны замд 11-р сарын 16-наас 20-ны өдрүүдэд явагдсан ABB FIA Formula E дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 2027 оны улирлын өмнөх туршилтыг өндөрлүүлсэн тухай мэдээллээ. Энэхүү туршилт нь GEN4…

11-р сарын 24-нд Nissan компани Nissan Formula E баг Испанийн Мадрид хотын Харама уралдааны замд 11-р сарын 16-наас 20-ны өдрүүдэд явагдсан ABB FIA Formula E дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 2027 оны улирлын өмнөх туршилтыг өндөрлүүлсэн тухай мэдээллээ.
Энэхүү туршилт нь GEN4 болидоор хийсэн анхны албан ёсны туршилт байв. Жолооч Oliver Rowland болон Zane Maloney нар 12-р сарын 6-нд «NISMO Festival» дээр танилцуулахаар төлөвлөж буй 2027 оны улирлын өнгө төрхийг хэсэгчлэн тусгасан «Nissan e-4ORCE 06» болидоор 3 өдрийн турш туршилт хийлээ. Хоёр автомашин нийт 425 тойрог туулснаас Rowland 213 тойрог, Maloney 212 тойрог хурдалсан байна.
Баг шинэ дугуй, автомашины тохиргоо, эрчим хүчний менежмент зэргийг туршин шалгав. Maloney хэд хэдэн гараанд шилдэг 5-д багтсан бөгөөд Баасан гарагийн өглөөний гараанд улирлын өмнөх туршилтын хамгийн хурдан хугацааг тогтоожээ. Харин Rowland нойтон замын нөхцөлд явагдсан Лхагва гарагийн нийт болидуудын уралдааны симуляцид 2-р байр эзэлсэн байна.
Баг цаашид Мадридад цуглуулсан өгөгдөлд дүн шинжилгээ хийж, 1-р сарын 16-нд болох нээлтийн уралдаан «Мексико Сити E-Prix»-д зориулан болидын хөгжүүлэлтийг үргэлжлүүлнэ. Мөн 12-р сарын 6-нд Fuji Speedway зам дээр болох «NISMO Festival» арга хэмжээний үеэр Nissan Formula E багийн 2027 оны улирлын шинэ өнгө төрхийг анх удаа олон нийтэд дэлгэх юм.
Nissan Formula E багийн ерөнхий захирал бөгөөд багийн ахлагч Tommaso Volpe «Хөгжүүлэлтийн ажилд бага зэрэг хоцролт байсан ч бид олон тойрог туулж, янз бүрийн тохиргоонуудыг туршиж чадлаа. Нэг тойргийн хурд болон уралдааны симуляцийн аль алинд нь сайн хурд үзүүлж, нээлтийн уралдаан руу чиглэсэн ахиц дэвшил гаргаж байна. Мөн Maloney багтаа хурдан дасан зохицож, Rowland-тай сайн харилцаа тогтоосон нь томоохон ололт юм. Дараагийн алхам бол Fuji Speedway дээр болох NISMO Festival дээр 2027 оны улирлын өнгө төрхийг танилцуулах явдал юм. Олон шүтэн бишрэгчидтэйгээ хамт GEN4 эрин үеийн эхлэлийг угтан авахад таатай байна» гэж мэдэгдэв.
Nissan Formula E багийн жолооч Oliver Rowland «GEN4 болид нь их хүчтэй, аэродинамик даралт өндөртэй тул жолоодоход үнэхээр урамтай автомашин юм. Туршилтын явцад бид тогтвортой ахиц гаргасан ч нээлтийн уралдаанаас өмнө сайжруулах зүйлс байсаар байна. Мадридад цуглуулсан өгөгдлийг шинжилж, GEN4 болидын талаарх ойлголтоо улам гүнзгийрүүлнэ. Мөн Японд очиж, 2026 NISMO Festival дээр 2027 оны улирлын өнгө төрхөө үзүүлэхийг тэсэн ядан хүлээж байна» гэж сэтгэгдлээ хуваалцлаа.
Nissan Formula E багийн жолооч Zane Maloney «GEN4 нь маш нарийн төвөгтэй болид бөгөөд түүний боломжийг бүрэн ашиглахын тулд жолооч болон багаас өндөр нарийвчлал шаардагдана. Шинэ баг болон болидод дасан зохицоход хялбар байгаагүй ч туршилтын явцад тогтвортой ахиж, өрсөлдөх чадвараа харуулж чадлаа. Нээлтийн уралдаанд зориулсан бэлтгэлээ үргэлжлүүлнэ. Анх удаа Fuji Speedway дээр болох NISMO Festival-д оролцож, хөгжөөн дэмжигчидтэйгээ хамт 2027 оны улирлын өнгө төрхийг танилцуулахдаа баяртай байна» гэжээ.
Nissan Formula E багийн нөөц болон хөгжүүлэлтийн жолооч Sam Bird «Туршилтын өмнө хөгжүүлэлтийн бэрхшээлүүд байсан ч багийн бүх гишүүд шаргуу ажиллаж, маш олон хэрэгцээтэй өгөгдөл цуглуулж чадлаа. Болидод асар их боломж бий. Энэ удаад олж авсан мэдлэг туршлагаа ашиглаж, Мексикт болох нээлтийн уралдааныг бүрэн бэлтгэлтэй угтахаар бэлтгэж байна» хэмээн онцоллоо.