Honda Японд Acura Integra Type S загвараас 250 ширхэгийг борлуулна
Honda Motor компани Хойд Америкийн зах зээлд зориулагдсан зүүн хүрээтэй Acura Integra Type S спорт хэтчбек автомашины хязгаарлагдмал багцыг Японы дотоодын зах зээлд 8.998 сая иенээс (≈ 204 сая ₮) эхлэх үнээр нийлүүлж байна. Наран мандах орны зах зээлд ийм автомашинаас ердөө 250 ш…

Honda Motor компани Хойд Америкийн зах зээлд зориулагдсан зүүн хүрээтэй Acura Integra Type S спорт хэтчбек автомашины хязгаарлагдмал багцыг Японы дотоодын зах зээлд 8.998 сая иенээс (≈ 204 сая ₮) эхлэх үнээр нийлүүлж байна. Наран мандах орны зах зээлд ийм автомашинаас ердөө 250 ширхэгийг л борлуулах юм.
Техникийн хувьд Integra Type S нь Acura-гийн өвөрмөц стильтэй Honda Civic Type R FL-ийн бүрэн аналог юм. Хоёр автомашин явах анги, механик болон цахилгаан тоноглолоор бүрэн ижил боловч гадна талаасаа зөвхөн шилнүүд (тав дахь хаалганы шил болон хамгийн арын хажуугийн жижиг цонхноос бусад), хажуугийн толь болон шил арчигчаараа ижилссэн. Acura-гийн бусад гадна эд ангиуд нь «донор» загвараасаа өөр, тэр ч байтугай дээврийн хавтангууд хүртэл ялгаатай.
Acura Integra Type S нь шатахууны шууд шахалтын системтэй, VTEC гаралттай клапангийн өргөлтийн цахилгаан тохируулгатай, 1.57 бар дээд даралттай турбочаржер бүхий 4 цилиндртэй 2.0 литрийн бензин Honda K20C хөдөлгүүрээр тоноглогдсон. Энэхүү хөдөлгүүр нь 6500 эрг/минд 324 морины хүч, 2600-4000 эрг/миний мужид 420 Нм мушгих хүчний дээд утгыг гаргадаг. Хөдөлгүүрийг 6 шатлалт механик хурдны хайрцаг болон өтөн дамжуулгатай урд дифференциал түгжигчтэй хослуулжээ. Түдгэлзүүлэгчийн амортизаторууд нь Comfort, Sport, Sport+ болон Individual гэсэн жолоодлогын тохируулгат горимуудыг шилжүүлэхэд үзүүлэлт нь өөрчлөгддөг онцлогтой.
Японы Honda Cars дилерийн сүлжээний авто салонуудад Acura Integra Type S автомашин 12 сарын 18-нд худалдаанд гарна.