Индонез улс - ChatGPT платформыг хөгжүүлэгч OpenAI компанийн гүйцэтгэх захиралд анхны "алтан виз" олгох болжээ.
Мэдээ

Дэлхийн хиймэл оюуны технологийн хувьсгалыг манлайлж буй ChatGPT платформыг хөгжүүлэгч OpenAI компанийн гүйцэтгэх захиралд анхны “алтан виз” олгох болсноо Индонез улсын эрх баригчид зарлажээ.
Уг визийн эзэн болсноор Сэм Олтмэн тус улсад 10 хүртэл жилийн хугацаанд оршин суух эрхтэй болох ба хилээр ямар ч шалгалт, хяналтгүй нэвтэрдэг болох юм байна.
Түүний олон улсад түгсэн нэр хүнд, Индонез улсад хөрөнгө оруулах боломжийг харгалзан үзээд анхны алтан виз олгох шийдвэр гаргасныг цагаачлалын албаны ерөнхий захирал Силми Карим мэдэгджээ. Тэрбээр алтан визээ бизнесмэнийг тус улсад дахин ирэхэд дэвсэх "улаан хивс" гэж тодорхойлсон байна.
Олтмэн энэ оны зургаадугаар сард Индонезын нийслэл Жакартад ирээд буцсан юм. Энэ үеэр хөрөнгө оруулалтын асуудал яригдсан эсэх тодорхойгүй байна.
Индонез улс сүүлийн жилүүдэд дэлхийн технологийн салбарын мэргэжилтнүүдийг татах бодлогыг эрчимтэй явуулж байгаа.
Тухайлбал аялал жуулчлалын гол төв Бали арлаа зайнаас ажиллах боломжтой технологийн мэргэжилтнүүдийн диваажин болгохыг зорьж байна.
Шинэ Зеланд, Португал зэрэг улсууд бас “дижитал нүүдэлчний виз” бий болгож, гадаадын мэргэжилтнүүдэд ажиллаж, амьдрах таатай нөхцөл бүрүүлэхийг хичээж байгаа юм.
Эх сурвалж: Bloomberg.com