Усан сангуудын (79) хүчээр Бээжин хот сүйрлээс хамгаалагджээ.
Нийтлэл

Хэд хоногийн өмнө бид үерийн усаар хэр их усаа урсгаж алдсан тухай тооцоо хийж оруулж байсан. Тэгвэл энэ тооцоо Хятадын үерт ямар байгаа бол гэдэг нь ихээхэн сонирхолтой байсан юм. (Доорх тоог миний тооцоотой харьцуулаад үзээрэй.)
Тэгвэл БНХАУ-ын төрийн мэдлийн Дэлхийн цаг хуудсанд бичигдсэн "Үерийн усыг усан сангууд бууруулж байна" нийтлэлд "Тэнгис, гол мөрний сав газрын үерийн ус доод урсгал руу бууж, үерийн усыг тосон хадгалах бүс, салаалж урсгах голын суваг, үер тогтоох усан сангуудыг ашиглаж байна.
Гол мөрний сав газрын үерийн усыг хадгалж, хуримтлуулахад усан сангууд нэн тустай. Энэ удаагийн их хэмжээний үерээс сэргийлэхэд Ус ашиглалтын яам шинжлэх ухааны үндэслэлтэй зохицуулалт хийж, усан санг ашиглан үерийн оргил үеийг үр дүнтэй сааруулж, тэнгис, гол мөрний сав газрын том, дунд оврын 155 усан санг үерээс сэргийлэхэд ашиглажээ. Үүнд аадар бороо их орсон Бээжин, Тяньжинь, Хэбэйн бүс нутагт том, дунд оврын 79 усан санг ашиглаж, 2.4 тэрбум шоо метр үерийн усыг хадгалж, доод урсгалын үерийн дарамтыг багасгасан байна." гэж бичжээ.
Эндээс харахад нийт 155 усан сан, Бээжин орчмын бүс нутагт 79 том болон дунд оврын усан санг үерээс сэргийлэхэд ашиглаж, үерийн усны оргил үеийг сааруулсан байна. Нийт хуримтлуулсан 2,6 тэрбум м³ ус гэдэг нь нийт Монгол улсын 5 жилийн усны хэрэглээтэй тэнцэх их ус.
Бээжин орчимд 5-6 хоногийн дотор 750 мм хур тунадас орсон гэсэн мэдээ байсан нь Монгол улсад дунджаар 3 жил орох хур тунадастай тэнцүү тийм асар их бороо орсон гэсэн үг. (Монгол улсад жилд дунджаар 250 мм хур тунадас ордог) Хэрвээ ийм их бороо 5-хан хоногт орвол нэг ч усан сангүй бид төдийгүй дэлхийн олон арван саятан хотууд сүйрэх байсан бизээ. Усан сангийн буянаар газар дэлхий дээр Бээжин гэж хот хэвээр үлдэж, амьдрал үргэлжилж байна. (БНХАУ-д нийт 22000 том усан сан байдаг) Бээжин хот усан сангийн хүчээр үерээс хамгаалагдаж хэвээр үлдэхээр барахгүй үерийн дараа ашиглах асар их усны нөөцтэй үлдэж байна. Бээжин хот 2040 он гэхэд усны нөөцийн хомсдолд орох эрсдэлтэй бүс нутагт тооцогдож байсан бол магадгүй энэ их хуримтлуулсан усны нөөцөө (2,6 тэрбум м³!!!) зөв ашиглан хомсдлоос сэргийлэх боломжтой боллоо. Алга урвуулахын төдий гэж Монголчуудын ярьдаг шиг усны нөөц гэдэг гэдэг алга урвуулах зуур аюул болж, бас аврал болж чаддаг нь энэ.
Энэ бүхнээс Та дүгнэлт хийгээд усан сан хэмээх усны барилга байгууламж ямар их хэрэгтэй талаар бодно бизээ. Ганц бус 79 (!!!) том дунд усан сан нийлж байж Бээжинг аварчээ. (Асар их хохирол учирсан нь ойлгомжтой, гэхдээ эдгээр усан сангууд байгаагүй бол, бас усны менежмент зөв хийж усан сангаа урьдчилан дундлаагүй бол Бээжин хот сүйрэх байсан болов уу) Олон улсад 3 сая м³-аас дээш хэмжээний ус хуримтлуулах усан сантай 15-аас дээш метрийн өндөр байгууламжийг том (large) усан сан гэж тооцдог. 155 усан сан 2,6 тэрбум м³ усыг хуримтлуулсан гэж үзвэл нэг усан сан дунджаар 16 сая м³ үерийн усыг хуримтлуулсан байна. Тэгэхээр олон улсын ойлголтоор эдгээр 155 усан сан нь том усан санд тооцогдох нь, харин бид Гэгээн нуураа эс тооцвол ганц ч усан сангүй, 20-хон минутын аадар борооны үерт автаад сууж байгаа. Цаашдаа ийм гэнэтийн асар их устай аадар бороо ахин дахин орох нь дамжиггүй. Бидний аврал УСАН САН, магадгүй усан сангууд...
Бээжинг аварсан усан сан (сангууд) биднийг ч аварна.
Нийтлэгч: Batbayar Zeneemyadar