Ц.Цацралт: Сэтгэл дундуур гундуу байгаа миний бодол (Фото ертөнц)
Нийтлэл

Улаанбаатарт хаа нэг дэлгэгдэж буй халтар хултар гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтэд очиж дарс үнэгүй шимж ,хачир үмхлэх , аппарат үүрсэн хэдэн нөхдөөс өөр хэнд ч монголын гэрэл зургийн байдал сонирхолтой биш болсоор зөндөө удаж байна.
Гэрэл зураг авахад маш хялбар болсон хэт хүртээмжтэй байдал нь сайн уу муу юу? Гэрэл зургийн технологи сүүлийн 10-20 жилийн хугацаанд гайхалтай үсрэлт хийж,дижитал камер бий болж тэр нь бүр таны өмнөөс “авдаг” камертай болсон нь гэрэл зургийг энгийн хялбар ажил мэт үнэлэгдэх хэмжээнд авчирав.
Мэдээж аливаа нэг дүрс хэлбэрийг утасандаа эсвэл камэртаа шууд буулгах нь товч дарах төдий ажил билээ.
Харин сайн технологийн дэвшилтэй уялдуулан сайн гэрэл зургийн тоо өсөх учиртай мэт санагдах авч харамсалтай нь ийм зүйл мэдрэгдэхгүй ,ойрын ирээдүйд ч харагдахгүй байна. Жинхэнэ, чадварлаг гэрэл зурагчид цөөрч байх шиг. Авьяас бол байгалиас өгөгдсөн аз тохиол ,хувь хүний мэдрэмжийн давхцсан нэгдэл мэт санагддаг юм.
Гэвч дундаж гэрэл зурагчдын тоо өссөөр байгаа бөгөөд цаашид ч өсөх мэт төсөөлөгдөж байна.
Мэргэжлийн гэх хэдэн зурагчид нь зургийн үнэ хямдхан байгаа , бас юм мэдэхгүй залуус дундуур нь орж ирж үнэ унагаж өөрсдийгөө дөвийлгөн хөөрөглөж байна гэж үглэн гомдоллож, мэдлэг мэдрэмж муутай захиалагчид нь нөгөө хэдийнхээ ур чадвар ,гүйцэтгэл авах юмгүй гэцгээн хоорондоо хоосон мэдэмхийрэн дэмий чалчицгаана.
Би бол... гэж цээжээ дэлдэн аливаа шинэ гэсэн бүхний анхдагч гэж өөрсдийгөө хоосон магтах ,гайгүй бүтээл хийсэн нэгнийгээ үл тоон өнгөрүүлж эс мэдэгч царайлах эсвэл дарга бүхнийг мэдэгч царайлан доромжлон өнгөрүүлэх ,нэг нэгэндээ туслах дэмжихийн оронд зөвхөн амиа бодон овоо босгон довоо шарлуулах үзэгдэл. өнөөгийн ердийн дүр зураг болсон нь туйлын харамсалтай
Хамт ажилладаг гэрэл зургийн сэтгүүлчдээсээ зураг захиалж авахын оронд хэвлэл сонины редакторууд , хэвлэн нийтлэгчид интэрнэтээс тохирох зургаа хулгайгаар ичих нүүргүй авдагаа , барууны агентлагуудын гэрэл зургийг зарим нь худалдаж бас зарим нь мөн л “мэдэгдэхгүй сэмхэн” авахаас өөр аргагүй болдогоо бахархан өгүүлж харин гэрэл зургийнхан нь тэдний авсан зургийг дизайныхан ,редакторууд хэрхэн хайр найргүй хасч, сэтгэлгүй ханддаг тухай ярьж ер нь хэн хэн нь тун сэтгэл хангалуун бус байгааг харж байна .
Харин юм мэддэг гайгүй уншигч олон нь сонин хэвлэлд гарсан гэрэл зургийн өгүүлэмж агуулга муу байгаад ,сонин сэтгүүл сайтад нийтэлсэн зургийн сонголт хэв маяг, загварт сэтгэл дундуур байгаагаа ярьж бичиж жиргэцгээх аж.
Нөгөөх хааяа дэлгэгдэх үзэсгэлэнгийн нээлтэд ээлжит” суут “хүнээ магтан дуулах бөгөөд энэ нь аяганы хариу мэт удалгүй дараагийн удаа өөрийгөө магтуулах ээлж ирнэ гэдгийг сайн мэдэж буй хэрэг .Зөвхөн нээлтийн үеэр л танхимд овоо хэдэн хүн цуглаж үзэсгэлэнгийн бусад өдрүүдэд хөл гарын хурууны тоотой орчим хүн үзэх нь энүүхэнд .Үзэсгэлэнгийн тухай шүүмж судалгаа өгүүлэл мэргэжлийн дүн шинжилгээ бараг байхгүй гэхэд болно.Барагсаад байх юмгүй ерөөсөө байхгүй юм чинь. Хэрэв ганц нэг мэдээ нийтлэл гарвал тэр нь хуурай магтаал ,намтар мэдээлэл тоочихоос хэтрэхгүй бөлгөө.Үзэгчийн санал бодлын дэвтэр байхгүй ,ер нь үзэгч юу бодддог , юу үзэж хармаар байгаа нь уран бүтээлчид огт хамаагүй болсоор удаж байна.
Анхан шатны гэрэл зураг сонирхогчид үзэсгэлэнд тавигдсан гэрэл зургуудын хөшигний хурд, өрц, бусад үзүүлэлтүүдийг тайлбартаа тодорхой бичихгүй байгаад,жинхэнэ “амьдралын зураг авдаг” хүмүүсээ хаяж буйд сэтгэл дундуур байдагаа илэрхийлцгээнэ.
Ахисан түвшний гэрэл зурагчид хаа нэг тийшээ бие биенээ даган хөөрч бөөнөөрөө зураганд яваад адил төстэй зургууд авч ирчээд миний зургийг хуулчиж гэж сэм сэм ярилцаж нэг нэгийгээ муулах нь инээдтэй . Гэрэл зургуудаа сайн, мууг нь ялгаж чадахгүй бөөн эргэлзээн дунд төөрч ,зургаа гадаад дотоодын нэртэй зурагчидтай танилцан үзүүлж харуулах боломж хомс эсвэл бүр байхгүйд сэтгэл дундуур байгаад гомдоллоно..
Харин өөрсдийгөө бүтээлч гэх гэрэл зурагчид зургийн борлуулалтын үнэ хямд , урлагийн том шүүмжлэгчээр зургаа үнэлүүлэх боломж нөхцөл байхгүйд, өндөр чанартай сайн хэвлэл ,жааз хүрээ олдохгүй олдсон ч зургаас нь илүү үнэ ихтэй байдгийг , уран бүтээлийг харуулах бүтээлч үзэсгэлэн, бүтээлч сэтгүүл байхгүй байгаад сэтгэл дундуур авч сайн ажил хийсэн нэгнийхээ зургийг үл дэмжин дарж муулах нь шог..
Энэ бүхний талаар ганц нэгээрээ энд тэнд хаа нэг ярьж ,хэлэх боловч юу ч өөрчлөгдөхгүй нэг газраа хоосон эргэлдсээр байгаад боломжийн зураг авсан нэгнийгээ дэмжихийн оронд элдэв шалтаг дуудан хасч гадуурхан ад үзэх нь туйлын харамсалтай агаад үүнийг мэдэх ойлгох хүмүүс нь нь дуу үйл нэгтгэх нь үнэндээ харамсалтай сэтгэл гундуу байна.
Монголд гэрэл зураг авдаг хүн хэт олон ,харин зүрх сэтгэлээ өгч хараа чилээн гэрэл зураг бүтээдэг хүн маш ховор байгаа шүү.
Энэ бүхнийг хөгжлийн зүй ёсны үзэгдэл гэж үзээд өнгөрүүлж болох ч гэрэл зурагт дуртай хүмүүсийн шийдэх хэрэгтэй асуудлууд ,бүрэн шийдэх арга замаа олохгүй бол өдөр тутам биш юмаа гэхэд ойр ойрхон ярьж маргаж анхаарч байх хэрэгтэй үзэгдэл чухал асуудал мөн гэж бодож байна.
Нийтлэгч: Цацралт Сэрээтэр