Дархадын хотгороор дугуйтай аялсан тэмдэглэл
Нийтлэл

Аялагч: Жавхлантөгс Базарсад, Odon Mandah
Аяллын эхний өдөр
Өглөө 4:20д сэрүүлгээсээ өмнө сэрчхэв. Хоолоо халааж идчихээд Мандахааг гэрээс нь авахаар хөдөллөө. 5 цаг гэхэд бид хоёр Хэнтий аймгийн төв Чингис хотоос 2 дугуйгаа ачаад хөдлөв.
Давхисаар байгаад 10 цаг өнгөрөөд хотод ороод ирлээ. Гялс аяллын бэлтгэлд шаардлагатай зүйлсээ бэлтгээд хотоос гарахад 16 цаг болж байв. Дарханаас Эрдэнэт орох зам арай л нарийхан юмаа.
Дээрээс нь аялагч нарын хөдөлгөөн их гүйцэж түрүүлэх, зөрөх зэрэгт хүндрэлтэй байв. Бид хоёр ч нэг их яаралгүй явсаар байгаад юу юугүй л Эрдэнэт хотод ороод ирэв. Эрдэнэтэд байх оюутан цагийн андад яаруу дайраад өнгөрч байгаа тухай дуулгаад. Хальт нэг цайны газар зогсож хоол идээд цааш хөдлөхөд 20 цаг өнгөрч байлаа.
Машинаа ээлжилж барин давхисаар шөнийн 02:30д Хөвсгөл аймгийн төв мөрийн хотын бугатай хаалга өнгөрөөд замын хажууд майхнаа бариад унтацгаав. Уг нь Мөрөн хотод манай ах дүү нар зөндөө байгаа ч шөнө дөлөөр айл амьтны амгалан тайван байдал алдагдуулаад юу гэхэв гээд ингэж шийдсэн хэрэг.
Дугуйтай аялал гэсэн байж юун баахан машинтай давхичхав гэж гайхаж байж магадгүй. Бид хоёрын дугуйн үндсэн аялал Хатгал тосгоноос эхлээд Өлхний даваа, Хорьдолын даваа даваад Ренчинлхүмбэ сум. Утрагийн рашаан, Утрагийн даваа даваад, Хороо голоор гараад Ханх сум, Ханх сумаас Сантын нуруугаар даваад Хатгал тосгон гэсэн маршрутаар Хөвсгөл далайг унадаг дугуйгаар тойрох маршруттай яваа билээ.
Аяллын хоёрдох өдөр
Өглөө 8 цагт босоод Мөрөн хот руу орлоо. Дамдин ахынхаар(Нагац ах) орж хоол хийлгэж идээд Мөрөн хотод байрлах хилийн цэргийн ангийг заалгаж аваад гарлаа.
Бид цаашаа хилийн бүсээр аялах төлөвлөгөөтэй тул хилийн бүсэд нэвтрэх зөвшөөрөл авах гэсэн хэрэг. Дамдин ах Ханх суманд очоод байрлаарай гээд байшингийнхаа түлхүүрийг ч өгч байна. Хилийн зөвшөөрөл ч нэг их удсангүй 11цаг өнгөрөөд гарчихлаа.
Цааш давхисаар Хатгал тосгонд байх үеэл дүү Баатарчулууны хашаанд машинаа орхиод, Бэргэн дүү Мягмарсүрэнгийн хийж өгсөн амттай цуйвангаар эрч хүчээ сэлбэж аваад хоёр дугуйндаа ачаа бараагаа ачиж бэхлээд гарахад 15:00 цаг болж байлаа.
Өлхөн сайр өгсөн Жанхайн даваа руу чиглэн жийж явна. Жанхай руу тавигдаж байгаа шинэ замын далан дээгүүр дэрчгэнүүлэн жийлээ. Машин гэж тоймгүй, голдуу шинэ замын хойд талаарх шороон замаар л давхилдана. Зарим нь шинээр тавигдаж байгаа зам руу орж ирэн хажуугаар давхиж тоосоороо булна.
16:30д Жанхайн даваа руу салдаг уулзвар дээр хүрээд ирлээ. Эндээс цааш айл амьтан, аялагч нартай бараг л таарахгүй болов уу. Нэг том уулын амаар ороод л өлхөн сайрынхаа хойд талыг бариад уулаа эмжээд өгсөөд байгаа. Энэ хавийн уулнууд сүртэй томыг нь яана. Ерөнхийдөө мөлгөрдүү оройтой, Зарим хэсэгтээ модтой зарим хэсэг нь халцгай цагаан сонин тогтоцтой юм. Үе үе сайхан тухтай гэмээр өвөлжөөнүүд тааралдана.
30км орчим яваад Өлхний давааны хормойд хүрээд ирлээ. Доор нь сайхан тунгалаг устай голтой юм. Усаа нөөцөлж аваад даваа руу махийлаа. Ийшээ явж үзээгүй тул гол усыг нь мэдэхгүй тул хангалттай ус нөөцөлж явахгүй бол болохгүй гээд бид хоёр нийтдээ 8литр шахуу усны нөөцтэй яваа.
Өлхний даваа наанаасаа огцом өгсөөд эхэлдэг юм байна. Ачаатай дугуйгаа эгцээр нь түрээд гаргах боломж алгаа. Мурилзсан замаар хажуулдасхийн ташин явж байлаа. Ядаж байхад тавчиг хөлд холбироод эсвэл арагшаа сугараад явахад хэцүү байв. Гутлаа сольж өмсөөд дугуйгаа түрэн махийв. Дунд хавьд нь гараад ирэхэд налуу нь арай багасаад жийж болмоор болж байна.
Гэвч шавар гэж найгүй. Шавартай замаас гараад өвсөн дээгүүр явсан машины мөр дагаад жийж болж байна. Зүтгэсээр байгаад 19:30-д Даваан дээрээ гараад ирлээ. Одоо харанхуй болохоос өмнө отоглох газар олох том ажилтай. Давааны ар руу жоохон өнгийгөөд үзвэл саяных шиг шавартай юм. Шавараас гараад уруудаад хонох газар хайсаар байтал харанхуй болох байх гэж болгоомжлоод даваан дээр овооноос жоохон доохно хуурай дэвсэг дээр хонохоор болоод майхнаа хатгав. Баруун талын уулын цаана л бороо ороод байгаа бололтой бараантаад нүжигнээд л байна.
Бид хоёр ч хоолоо хийж идээд аяллын алжаалдаа дарагдаад мишокндоо шургав. Төд удалгүй салхи салхилаад, Бороо дуслаад, тэнгэр дуугараад майхан хийсгэх нээ. Гарч тэнгэрийн байдал харвал юу юугүй бороо дайрчихгүй бололтой. Гэхдээ л зах нь шүргээд өнгөрөх бололтой. Юу л болбол болог гээд 2 дугуйгаа майхнаасаа холдуулж жоохон дээш нь зөөж байрлуулаад хэвтээд өгөв. Салхилаад л, Бороо ороод л, тэгж байгаад тэнгэр дуугарах нь намжив. Нэг мэдсэн нойрондоо дийлдээд унтаад өгчээ. Дараачийн удаа яаж ч байсан даваан дээр л хонохгүй юм шүү. Өнөөдөр бид 30км зам туулжээ.
Аяллын гуравдах өдөр
Өглөөний нар майхны гаднаас шараад сэрээчхэв. Цаг харвал 7 цаг болж байна. Бид 2 ч аажуухан босоод өглөөний цай, хоолоо хийж идэж уугаад 9 цаг дөхүүлээд хөдлөв. Давааны орой дээрх сонин тогтоц бүхий хад чулуу, Тахилга тайлгын байж магадгүй зүйлсийг сонирхож дуусаад замаа хөөв.
Давааны арын шавар нь бас л чанга юмаа. Эрх биш уруудаж байгаа юм гэсэндээ давгүй шүү. 30мин орчим 3км уруудаад шавраас гарчихлаа. Энд тун сайхан тунгалаг устай горхи байв. Өчигдөр энэ голын эрэг дээр ирж хонох байж дээ гэж ярилцангаа өглөөний ариун цэвэр сахиад цааш хөдөллөө. Цааш энэ голоо дагаад яваад байх тул ус нөөцлөх хэрэггүй гэж үзээд уух усаа л аваад хөдлөв. Голынхоо баруун, зүүн талд гараад л туулаад л 10км орчим яваад Зүүн гар талаас бүүр өргөн Арсайн сайр ороод ирэв. Сайраар дугуйтай явахын чанга нь яг машины мөрөө л дагаж явахгүй бол зөөлөн хайрга руу орвол жийнэ гэж худлаа юм.
Гайхалтай нь дээрээс урсаж байсан гол маань ирэх замд багассаар байгаад шургаад байхгүй болчхов. Тэгээд л энэ нутгийнхан голоо сайр гээд нэрлээд байдаг байх нь гэж бодож явлаа. Нэг харахад гол байж байснаа жоохон явж байгаад байхгүй болчихно дахиад жоохон явж байгаад буцаад гараад ирнэ. Арсайн сайраа дагаж 5 км орчим уруудаад зүүн гар талаас орж ирэх Өвөр хорьдолын сайраа дагаж явна. Хэрэв эргэхгүй чигээрээ Арсайн сайраа дагаад яваад байвал Жиглэгийн даваа руу яваад өгнө.
Бид хоёрын зорилго Хорьдолын даваагаар давж үзэх тул зүүн гар талаа бариад Өвөр хорьдолын сайраа даган өгслөө. Өнөөдөр өглөөнөөс хойш л салхи сөрж байлаа. 13 цагийн үед буудаллаж хоол хийж идээд хөдөллөө. Одоо 6км орчим өгсөөд Хорьдолын даваан дээр гарна. Энэ хавийн уулны хэлбэр өчигдрийнхөөс өөр болжээ. Мод багатай эсвэл бүр модгүй шовх шовх хадтай цайвар уулнууд болсон байна. Өвөр хорьдолын голоо өгсөж яваад гэнэт баруун эргээд 2 уулын завсраар орж явчхав. Багахан дэнжийн өгсүүр даваад урдаас мэлс гээд л Хорьдолын давааны овоо гараад ирлээ.
Овооны цаад талд харагдах байгалийн үзэсгэлэнг дүрслэхэд миний ур чадвар дутах учир зураг дээрээс хараарай . Даваан дээр Ренчинлхүмбэ сумын уугуул Дэлгэрмөрөн сургуулийн багш Бадраа ахтай танилцлаа. Гэрэл зураг сонирхдог аж, бид хоёрын зургийг баахан дарж өгөөд аль нэг дугуйн групп дээр тавих учир олоод аваарай гэв кк.
Бид хоёр ч утсаараа багахан зураг авалт хийгээд аваад доош уруудлаа. Уруудах замын зүүн гар талын доогуур модны үзүүр л харагдаад байх юм. Модны орой дээгүүр самар бөнжигнөн хорхой хүргэнэ. Хэсэг уруудаад Ар хорьдолын сайр луу буугаад ирлээ. Одоо цааш уулнаас гартлаа энэ сайраа дагаад явна. Одоо дан уруу тул хэдий сайраар явж байгаа ч хурдтай уруудаж байлаа. Доошлох тусах сайрын доороос голын ус цочтол гарч ирээд гайхтал алга болно.
Голоо хэд ч гарав сүүлдээ ус нь ихсээд өргөн болоод туулахад яс янгинам хүйтэн болж байлаа. 10км орчим уруудаад ерөнхийдөө уулын амнаасаа гараад цаашаа Дархадын хотгорын тал руу ороод ирлээ. Цаашаа сайраар явж олон гол гарах нь төвөгтэй санагдсан тул хоёулаа модруу орсон Ренчинлхүмбэ рүү чигээрээ явсан замыг сонголоо. Ойн зам эхний 5км тун сайхан урамтай жийж байлаа гэтэл дараагийн 8км орчим зам нил шавар бүхий намаг болоод жийх боломжгүй болоод шалчигнуулан түрлээ.
3 цаг орчим шавар намаг тойрон, шумууланд идүүлэн байж арай хийн Ренчинлхүмбэ сумын ард талын гүдэн дээр гарч ирлээ. Уруудаад өвөл хөлдөхгүй урсаж байдаг Жаргантын гол руу ороод ирлээ. Нар жаргах дөхжээ. Баруун уулаар бороо ороод эхэллээ. Жаргантын голд шавраа угааж цэвэрлэж аваад сум руу жирийлээ. Олон машин явсан зам нь баруун гар талаараа уулаа шахаад тойрч яваад сум руу ордог юм байна. Бид хоёр цуваа өмсөөд шууд сум руу чиглэсэн хаягдсан замаар зүтгэлээ. Энэ зам нь бас дундаа шавар намагтай машин явах аргагүй болсон зам тул хаягдсан юм байна.
Өнөө шөнө дахиад бороонд цохиулж магадгүй тул газрын зураг дээрээс харж байгаад сумын төв стадионыг олоод очлоо. Төв асрынх нь доор майхнаа шовойлгоод авлаа. Ямар ч байсан өнөө шөнө борооноос айлтгүй хонох нь. Нэг муу мэдээ нь Мандахаагийн өмнө бэртэж байсан хөлд нь өвдөлт мэдрэгдээд эхэлжээ. Цаашаа явбал бүр Утрагийн давааны голд наашаа ч үгүй цаашаа ч үгүй болж магадгүй болох нь дээ гэв. Маргааш яах талаар баахан ярилцаж байгаад за оройноос өглөө сэргэлэн гээд өглөө шийдэхээр болоод унтахаар хэвтэцгээв. Өнөөдөр бид 65км туулжээ.
Аяллын дөрөвдөх өдөр.
Өнөөдөр нэлээн сайн унтаад 8 өнгөрөөж сэрэв. Өглөө босоод усны эрэлд гарав. Сумын төвийн худгийг олоод очвол онгойгоогүй байлаа. Худгийн хажуу талын эгнээний үзүүрт нэгэн өвөөтэй танилцсан нь Пүрэв гуай. Учир явдлаа хэлбэл манайхаас ус хийж аваад яваа наад худаг чинь 11 цагаас нааш онгойхгүй гэв.
Гэрт нь очиж ус хийж аваад баярласан талархсанаа хэлээд буцав. Буцаад ирэхэд Мандахаа сэрээд майхан мишокоо хурааж байна. Хоол цай хийж идэнгээ Мандахаа эндээсээ буцаад Хатгал юм уу Мөрөн руу дугуйгаа ачаад унаанд суухаар, би цаашаа Утрагийн даваа руу явахаа болиод Улаан-уул сум руу жийгээд замдаа нэг хоноод маргааш нь Хатгал-Мөрөнгийн дунд Эрхэл нуур, 50/100 цогцолборын орчимд Мандахаатай уулзахаар тохироод салах болов. 11 цагт Ренчинлхүмбэ сумаас найзаараа үдүүлэн хөдөллөө.
Жаргантын голын гүүр, Шишгэдийн голын гүүр гараад цахирын талаар жийн 15 цагт Дээд цагаан нуурын эхэнд Цагаан нуурын рашаан гэх газар ирлээ. Хүн майхан гэж тоймгүй. Рашаанаас амсангаа, үдийн хоол хийж идээд хөдөллөө. Шүүрэгтийн даваа даван Хурганы талаар давхисаар дахиад нэг нэр нь үл мэдэх модтой дөрөлж даван Бахтахын голд тулаад ирлээ.
Миний харж явсан газрын зургийн маршрутын эсрэг талд шинэхэн модон гүүр байна. Гүүрээ олох гэж тэр хавьд жоохон будилсан. Цааш Бахтахын талаар давхин Гунын голоо өгсөн 19:30-д Улаан-уул сум руу ороод ирлээ. Энд ирэх хүртэл зүүн гар талд Хорьдол сарьдагийн нуруу, Дэлгэрхаан уул, Урандөш уул харагдсаар л байх юм.
Сумын төв руу орж ирээд л нүдэнд туссан Улаан тайгын тусгай хамгаалалттай газрын захиргаа руу очоод тэдний ажилтан Лхагважав гэх эгчээс хашаанд нь майхнаа бариад хонож болох уу гээд асуутал болно гэв. Гадны зочид ирсэн байгаа саун душ нь ажиллаж байгаа орсон ч болно гэнэ. Ингээд хонох тухтай газартай болсон хүн орой хоолоо хийж идээд эртхэн амрав. Улаан тайгын тусгай хамгаалалттай газрын дарга нь Ирвэс хамгаалагч залуугийн аав Төмөрсүх гуай гэнэ. Өглөө таарч хэдэн үг солиод амжсан. Өнөөдөр би 82км зам туулжээ.
Аяллын тавдах өдөр
Өглөө 8 цаг өнгөрөөж босоод сумын дэлгүүр орж ганц үхрийн хавирга олж авлаа. Энд үхрийн мах 10к гэнэ шүү, болдог болон ахиухан мах аваад явах сан даанч дугуйныхаа хаана нь ачаад явах вэ дээ . Сүүлийн 3 хоног дан борцоор хоол хийж идсэн болохоор нойтон мах идэх сэн гээд л бодоод явсныг яана шууд л эрч хүч орж байна.
Улаан тайгын тусгай хамгаалалттай газрын музейг үзээд хашаандаа хонуулсан эгчид талархсанаа хэлээд цааш хөдлөв. Сумын угтах хаалган дээр очиж постын ажилтнаар зургаа даруулаад Өлийн даваа руу өгслөө. Сумын хаалган дээр зураг даруулж байх үед нэг түлш тээвэрлэдэг бололтой зил-131 машин шороо манаруулан давхиж одов.
Дархадын хотгороос гарч байгааг илтгэх шиг аргагүй л өндөр даваа юмаа. Өгсөж өгсөж жоохон тэгшрэхээр нь одоо л орой нь байгаа болов уу гэхээр цаана нь дахиад л өгсүүр гараад ирэх юм. Давааны дунд хавьд явж байхад уржигдар Хорьдолын даваан дээр зураг дарж өгсөн Бадраа ахтай таарав. Утасны дугаарыг нь тэмдэглэж аваад салав. Цаг гаран өгсөж байж 11:30-д оройд нь гарав. Дархадын 13н овоо бүхий алдартай даваа юм байна. Үүх түүхийг нь бичсэн самар ч байна сонирхвол уншаарай зургийг нь орууллаа. Аргагүй эрчим энерги шингэсэн газар шиг санагдсан. Идээ будааны дээж өргөж хэсэг саатаад даваанаас уруудан Балбиргийн гол гаран Тоомын даваа руу өгслөө.
Нэлээн удаан өгсөөд оройд нь 14:30д сунаж унах шахсан амьтан гарч ирэв. Цааш 14км дан уруу замаар уруудлаа, сүүлдээ шуу бадайраад мөр чилж байв. Дунд хавьд нь явж байхад Өглөө сумаас гарахад намайг гүйцээд өнгөрсөн өнөөх түлшний 31 дахин шороо манарган давхиж өнгөрөв. Хаана тэгж удаан саатсан юм бүү мэд. Уруудсаар 15:30д Бэлтэсийн голын гүүрэн дээр хүрээд ирлээ.
Үнэхээр цэнгэг дотор нь яваа загаснууд нь хүртэл харагддаг гол юм. Эндээс ус авч өдрийн хоол хийж идээд 16 цаг өнгөрөөд цааш хөдлөв. Энэ хүртэл 42км зам туулжээ. Хоол идэж амраад эрч хүч орсон хүн өнөө оройдоо багтан засмал зам орж Мандахаатай уулзана гээд эрчтэйхэн жийлээ.
Нэг их урт хөндий туулан 2 нэр нь үл мэдэх дөрөлж даван Ужгийн гол руу ороод ирлээ голын эхний Гарам дээр мөнөөх зил-131 маань хамраа ухан зогсоно. Бодвол нэг юм нь л байн байн эвдрээд ингэж удаан яваа бололтой.
Ужгийн голоо уруудан байн байн голоо туулан, голынхоо 2 талд байнга гаран явж байлаа. Гэнэт л дугуй хүндрээд нэг л бишээ эргээд хартал арын дугуй хагарчээ. Шалавхан дугуйгаа нөхөх санаатай задалж байтал төд удалгүй нөгөө зил-131 гүйцээд ирлээ.
Хажууд зогсоод яасан бэ зүгээр үү гэж байна. Зүгээрээ дугуй хагарчихлаа гялс нөхөөд явчихна гэв. Танд сүлжээтэй утас байна уу би найзтайгаа ярих хэрэгтэй байна гэж асуувал. Сүлжээ орох арай болоогүй ийшээ нэг даваад сүлжээ орох байх гэнэ. Та тэгвэл сүлжээ орвол энэ дугаар руу залгаад найз чинь Алаг-Эрдэнэ сум руу ирэх юм байна тэнд хүлээж байгаарай сүлжээ орохоор өөрөө ярина гэнээ гээд хэлээд өгөөрэй гэж гуйвал.
Одоо харанхуй боллоо чи дугуйгаа дээр ачаад суугаад явчихаа гэж байна. Хэсэг эргэлзсэнээ за тэгье гээд дугуйгаа дээр нь даруулаад машинд суучихлаа. 20км орчим яваад алаг-эрдэнэ сумын бараа харагдлаа, сүлжээ ч орлоо. Мандахаад Алаг-Эрдэнэ дээр ирж байна чи хаана байна уу гэж асуувал, Эрхэл нуурын ойрхон байна одоохон яваад очъё гэнэ. Машинаас буугаад удаагүй байтал Мандахаа ч хүрээд ирлээ. Дугуйгаа ачиж аваад Мөрөнрүү давхилаа. Энэ удаагийн аяллаар Дархадын хотгор руу орох 5н гол даваа болох Утрагийн даваа, Жарайн даваа, Жиглэгийн даваа, Хорьдолын даваа, Өлийн даваануудын 2г нь давж үзлээ. Ийнхүү бид 2н Хөвсгөл аймгаар дугуйтай аялсан аялал хэдий зорьсон замаа дуусгаж чадаагүй ч олон сайхан газар үзэж, олон сайхан хүнтэй танилцсан амжилт дүүрэн аялал болж өндөрлөлөө. Энэ өдөр 110км зам туулжээ.