Хятад улс судалгааны станцаа ойрын хугацаанд сар руу илгээнэ
Мэдээ

БНХАУ ойрын хугацаанд Chang’e-6 судалгааны станцаа сарны нөгөө тал руу илгээхээр төлөвлөж буйгаа мэдэгджээ.
Хятад улс анх 2007 онд сарны тойрог зам руу судалгааны станц илгээж байсан бөгөөд үүнээс хойш сарыг судлах ажиллагаандаа аажмаар ахиц дэвшил гаргасаар байна.
2020 онд Хятадын сансар судлалын баг сарны наад тал буюу дэлхийн зүг харсан талаас нь хөрс, чулуулгийн дээжийг амжилттай цуглуулж дэлхийд авчирсан.
Харин энэ удаагийн ажиллагаагаар сарны хамгийн хол хэсэг буюу дэлхий рүү хараагүй нөгөө талынх нь хөрс, чулуулгийн дээжийг авчрахаар зорьж буй юм.
Томоохон улс орнууд сансар, тэр дундаа сарыг судлах ажиллагаанд мөнгө зарцуулж, ахиц дэвшил гаргасаар байна.
Үүний нэг жишээ нь өнгөрсөн оны наймдугаар сард Энэтхэг улс судалгааны станцаа сарны гадаргуу дээр амжилттай газардуулж, саран дээр буусан дөрөв дэх улс болсон юм. Өмнө нь маш бага судлагдаж байсан сарны өмнөд туйлд хүрсэн анхны улс болсон.
Энэ оны нэгдүгээр сард Япон улсын SLIM хөлөг саран дээр амжилттай бууж, АНУ, ОХУ, БНХАУ, Энэтхэг улсуудын эгнээнд нэгдсэн юм.
Эх сурвалж: Reuters