Америк орон - 3
Нийтлэл

Одоогийн байдлаар Америк оронд 326 сая хүн амынх нь 15 орчим хувьтай тэнцэх хэмжээний Цагаачид байдаг гэдэг. Эдгээр цагаачид энэ орны эдийн засагт тодорхой хэмжээний нөлөөлөл үзүүлдэг хэдий ч бага бус хэмжээний балаг болдог аж. Дэлхийн олон орны хүмүүс Америк орныг мөрөөдөж энэ орон руу тэмүүлнэ. Хүний эрх нь зөрчигдсөн болон хөгжил дорой буурай орны иргэдийн хувьд Америк орон газар дээрх Диваажин. Тэд өөрсдийн боломжоо ашиглан энэ оронд хөл тавьсан л бол энэ орон тэдний хувьд Эх Орон нь болж тэд хэзээ ч төрөлх нутаг руугаа буцах тухай бодохгүй. Тийм болохоор өдгөөгийн АНУ-д цагаачдын асуудал нь "шүдний өвчин" болоод буй.
Монголчуудын хувьд ардчилал ялсан 1990 оноос хойш энэ орныг зорих боломж нээгдэж, аажим өсөлтөөр 2000 оноос хойш суурьшил нь эрс нэмэгдэж одоогоор бараг 31 мянга орчим монголчууд бий гэж баримжаалдаг юм билээ. Бусад орны иргэдийн адил ажил хийж мөнгө олох гэж, өөрийгөө хөгжүүлэх гэж, үр хүүхдээ өндөр боловсролтой болгох гэхчилэн хүн бүр тодорхой зорилготойгоор энэ орныг зорино. Хүн болгон өөр өөр байдаг болохоор зорилгоо биелүүлж бас эс биелүүлж байгаа нь янз бүр. Монголдоо ажиллаж амьдарч байгаа олон монголчууд одоо ч Америк явахыг мөрөөддөг. Тэдний хувьд Америк оронд оччих л юм бол "бүх зүйл сайн сайхан болчих" мэтээр төсөөлнө. Харин боломж нь олдоод энэ оронд ирж, хөлөө олох гэж зүтгэхдээ "хаана байгаа юм бэ, тэр диваажин чинь" гэж өөрийн эрхгүй дуу алддаг. Америк оронд л очвол жаргаж, мөнгийг "модны мөчрөөс унах навчис мэт түүж болдог" гэх гэнэхэн бодол, энэ мэтчилэн ухуулах "ам дамжсан" ярианд бүү итгээрэй.
Америк оронд хүмүүсийг татах олон сайхан зүйл бий. Энэ оронд хууль ёсыг нийтээрээ маш сайн дагаж мөрддөг. Хууль дүрэм журам нь маш тодорхой, үүнийгээ ч сайн хэрэгжүүлж хяналтаа ч сайн тавина. Америкт ирээд удаагүй нэг монгол залуу машин барьж явтал цагдаа зогсоож л дээ. Мань залуу сандрахдаа "Today sorrу, next team no sorry" гэж хэлж л дээ. Цагдаа үүнийг сонсоод жаахан инээж байснаа торголгүй явуулсан тухай яриаг сонсож байсан. Машин барьж явахад цагдаа зогсоосон бол "ямар учраас зогсоосон" гэдгээ тайлбарлаад буруутай үйлдэлд нь зохих торгуулийн хуудсыг нь бичиж өгөөд л явна. Харин торгуультай холбоотой гомдол болон саналыг зөвхөн шүүхээр л шийдвэрлэдэг. Цагдаа нарын хувьд тухайн хүний учирлалыг сонсож "уярах" тохиолдол бараг байхгүйгээс "найраа" бол үндсэндээ гарахгүй. Тэдний хувьд гол зарчим нь "хууль". Тэд хуулийг ягштал баримтлах ажээ.
Америк орныг Диваажин мэтээр төсөөлж байгаа залууст хэлэхэд “Америк орон бол өөрийгөө хөгжүүлэх, бас бусдыг ойлгож мэдрэх, олон зүйлийг харьцуулан мэдрэх том боломж. Эндээс бидэнд сурах маш их зүйл байгаа. Харин диваажин гэдэг МОНГОЛ-д минь л байгаа. Энэ диваажинг бид л өөрсдөө бий болгох ёстой. Өөр хэн ч биш. Харин гадаадын өндөр хөгжилтэй оронд ажил хийж мөнгө олох гэж бус, өөрийгөө хөгжүүлэн "юм үзэж нүд тайлах” гэж зорьдог болох цаг ойрхон байнаа. Азийн цээжинд орших МОНГОЛ Эх Орон байхад бидэнд "диваажин" хэрэггүй.
Үргэлжлэл бий...