Улаанбаатарт зам яагаад хөгжил дагуулахгүй вэ?
Нийтлэл

Америкийн зарим хотууд хүн ам нь хотын төвөөсөө дайжаад хотын захдаа амьдардаг, хотын төв нь хоосон, хаягдсан барилгаар дүүрэн, хотын төвд байдаг дэлгүүр хоршоо нь хаалгаа бариад дампуурчихдаг, хүний хөл хөдөлгөөнгүй болохоороо гэмт хэрэг салдаггүй, ойр орчмын барилгынх нь үнэ цэнэ нь уначихсан байдаг. Нөгөө Америк гэхээр төсөөлөгддөг, мянга мянган Монголчууд амьдардаг Нью Иорк, Чикаго, Сан Франциско гэх мэтээс шал өөр. Одоо эдгээр хотууд энэ байдлаасаа гарахын тулд хотын төвөө дахин сэргээх төлөвлөгөө, ногоон байгууламжийн төлөвлөгөө гээд төрөл бүрийн төлөвлөгөө гаргаж, түүнийгээ хэрэгжүүлж байна.
Эдгээр хотууд яагаад ийм байдалд хүрсэн бэ?
Зөндөө шалтгаан байгаа. Гэхдээ Улаанбаатартай нэг төстэй юм нь мөрдөх ёстой ерөнхий төлөвлөгөөгөө үл тоогоод, хөрөнгө оруулаад бүтээн байгуулалт хийе гэсэн болгоныг зөвшөөрчихдөг. Хувийн компани, хөгжлийн байгуулага, зээл, тусламж өгдөг байгууллагууд юу хүссэнээ хийх боломжийг нь өгчихдөг. Тэд нар хотын төв дундуур хурдны зам барина уу, орон сууцны хороолол нураагаад үйлдвэрээ өргөтгөнө үү хамаа байхгүй, хот нь хэдэн төгрөг олж байвал хамаагүй. Манайхан бас адилхан. Метро бариад өгье — тэг тэг, гүүр бариад өгье — тэг тэг, бидний төлөвлөгөөнд байхгүй л дээ, гэхдээ барь барь, хэдэн төгрөг олох юм байна.
Энэ замын цагдаагийн уулзвар хавьд гүүрэн гарц барина гэж байгаа бол нэг тод жишээ. Зам дагаж хөгжил ирнэ гэж үг байна л гэж байна, Улаанбаатарыг хөгжүүлэх гол зам нь одоо бол зам биш юмаа. Яагаад?
Нэгэнтээ дэд бүтэц нь одоо байгаа хүн амынхаа хэрэгцээг хангаж чадахаа больчихсон, хахаж байгаа хот, ганцхан сая хүн амтай мөртлөө машин нь багтаж ядсан. Зам нэмж бариад түгжрэл багасахгүй! Улам л их машинтай болно. Түгжрэл нэмэгдэнэ, агаарын бохирдол нэмэгдэнэ. Аливаа хот гэдэг явган хүнд ээлтэй байх ёстой болохоос, машинд ээлтэй байх ёсгүй. Дэлхий даяараа автомашины хэрэглээг багасгаад алхах, дугуй унах, нийтийн тээвэр ашиглахыг дэмжиж байхад бид л автомашиныхаа тоог нэмэх алхамууд хийсээр.
Нэг олны танил хүн ингэнээ: “ Сингапурт машин авахаасаа өмнө зогсоол худалдаж авдаг, Лондонд хотын төврүү машинтай орохдоо нэмэлт төлбөр төлдөг. Тийм байхад энэ гүүр барих хугацаанд 7 хоногт 2 удаа машингүй явчихад яагаад байна, энэ хотуудад амьдардаг байсан бол боож үхэхнээ.”
Энэ хотууд машины тоо, хэрэглээг багасгахын тулд ийм хязгаарлалтууд хийж байгаа болохоос машиндаа зориулж зам барих хоорондоо хэд хоногийн хязгаарлалт хийгээгүй. Харин энэ хотууд бол дэлхийн хамгийн супер нийтийн тээвэртэй хотуудын тоонд зүй ёсоор орно.
Бас нэг хүн ингэнээ: Нэг ч гэсэн бүтээн байгуулалт хийж л байвал болоо ш дээ.
Энэ Америкийн хотуудтай адилхан наашаа гэсэн болгонд зөвшөөрөөд байвал энэ хот чинь төлөвлөлтгүй дээрээ улам л дордоно. Ямар ч бүтээн байгуулалт хийхэд, бидэнд одоо хэрэгтэй зүйл мөн үү, тулгамдаад байгаа асуудлыг шийдэж чадах уу, санхүүгийн хувьд боломжтой юу гээд тал талаас нь бодож байж шийдвэр гаргах ёстой.
Улаанбаатарт одоо тулгамдаад байгаа асуудал юу вэ?
Түгжрэл, утаа.
Зам бариад энэ 2 асуудал шийдэгдэх үү?
Үгүй.
Тэгвэл бидэнд яг одоо хэрэгтэй зүйл юу вэ? Бид байгаа мөнгөө хаана зарцуулвал илүү оновчтой вэ?
Нийтийн тээвэрт. Найдвартай, аюулгүй, тогтмол нийтийн тээвэртэй байхад хүн болгон машинтай байх шаардлагагүй. Машины тоо багасахад утаа бага ч болов буурна. Өнөөдөр хоолгүй хонох гэж байгаа айл байгаа мөнгөөрөө мах авах уу, амттан авах уу л гэдэгтэй адил. Мах аваад асуудалаа шийдэхээс амттан авааад өлсөж хоноод, араас нь шүдээ өвтгөхтэй ижил. Манай ЗГ тэнд ч гүүр бариад, нийтийн тээврээ ч сайжруулаад, дугуйн зам ч бариад байх мөнгөтэй бил үү? Байхгүй ш дээ, өрөндөө баригдаж ядаж байж, аль чухал гэсэн зүйлдээ мөнгөө, олсон зээлээ зарцуулах хэрэгтэй шүү дээ. Та нар юу гэж бодож байна? Иймэрхүү асуудлыг ярьж бухимдахдаа, талцахдаа гол нь биш зөв шийдэл юу вэ гэдэг дээр санаа оноогоо хэлээрэй.
Нийтлэгч: Munkhshur Erdenebat