Хүнсний инженер: Зохистой хэрэглээг хэвшүүлэх 9 дадал
Нийтлэл

Нүүрсуснаас айх бус, харин эслэг аль болох ихээр агуулсан бүтээгдэхүүнийг сонго. Үүнд бүхэл үрийн гурил, хальстай алим, арвайн гурил гэх мэт хальсан хэсгээ хамгийн их агуулсан үр тариа, жимс ногоо орно. Мэдээж цагаан будаанаас эслэг хайх нь утгагүй тул аль болох амилоз өндөртэйг, аль болох гликемийн индекс багатайг сонго. Үүнийг Цагаан будаа бичвэрээс уншаарай.
Уураг нөхөх эх үүсвэрээ аль болох олшруулаарай. Хүнсэндээ зөвхөн үхрийн мах их хэмжээгээр авах бус, хонь, ямаа, адуу, гахай, тахиа, загас, өндөг гээд бага багыг л авчих. Ингээд хэвшчихвэл гэртээ хоол хийж идэхэд ч гоё, сонирхолтой байдаг.
3. Хүнсэндээ хэрэглэх тосонд өөрийн таашаадаг ургамлын гаралтай тос хэрэглэ. Рапсын, шар буурцгийн, наранцэцгийн, оливийн, самрын тоснууд бүгд л ханаагүй тосны хүчил агуулдаг тул аль нь ч болноо. Оливийн тос л сайн гэж итгээд, бусад тосыг хэрэглэхдээ сэтгэл дундуур байж болохгүй. Ханаагүй тос л бол тос.
Аан тийм, талхан дээр масло тавьж иддэг бол найрлагыг нь хараад аль болох бага тослогтойг сонго. Цөцгийн тос ханасан тосны төрөл шүү.
Бид уургийн эх үүсвэрүүдээс дайвраар хангалттай хэмжээний ханасан тосоо авчихдаг.
4. Аль болох олон төрлийн ногоо хэрэглэхийг хичээ. Хоолны тань орцонд аль нэгэн ногоо их жин дарж байх тусам энэ нь буруу гэсэн үг.
Яагаад ингэж хэрэглүүлэх гээд байна вэ гэхээр нэг ногооноос авах шимт бодис, аминдэмийг нөгөө ногоогоор орлуулж авч чадахгүй, өөр өөр найрлагатай тул олон төрлийн ногооноос бага багаар авдаг.
Үнэтэй санагдаж магад. Гэхдээ ногоо хэрэглэснээр хоолон дахь махны орц багасдаг тул махны өртөг чинь хэмнэгдэнэ. Тэгээд ч ногоогоо худалдаж авахдаа бага бага хэмжээгээр авийшдээ
Аан жимс яахав тэгээд боломжоороо ид ээ. Манайд ургадаггүй тул би учиргүй зөвлөдөггүй.
5. Усны хэрэглээнд анхаар. Ус маш чухал шүү. Саяхан ус гээд бичсэн учир түүнийг уншаарай.
6. Давсны хэрэглээгээ багасга. Юу гэсэн үг вэ гэхээр бид өдөр тутамдаа боловсруулсан хүнсийг ихээр хэрэглэдэг болсон. Эдгээрийн найрлагад давс ордог учир хангалттай хэмжээгээр бие организмдаа авсаар байдаг. Үүн дээрээ хоолоо шорвог, цайгаа давстай чанаад байх нь тийм ч сайн зүйл биш ээ.
Гималайн, нуурын, далайн гэж аль нэг давсанд фокуслах шаардлагагүй, давснаас бид нэгдүгээрт хоолны амт, хоёрдугаарт биедээ хэрэглэх Na гэх элементийг л авдаг. Бүхий л давс адилхан!
7. Өлөн бай. Ингэж хэлсний төлөө KFC надтай заргалдахвий дээ, миний хэлсэн үг гээд.
Хүмүүс зохистой хэрэглээн дээр яг нэг тогтсон хэмжээ нэхээд байдаг. Хүн болгоны биеийн жин, өндөр, өдөр тутмын ажил, хэвшил өөр учир та яаг тийм хэмжээтэй хоол ид ээ гээд зөвлөх нь хамгийн буруу. Яахав нэг хүнтэй ажиллавал тэгж болох л байх.
Тиймээс зөвлөж чадах зүйл бол идэхийг хүсч буй хэмжээнээсээ яаг талыг нь л ид! Чадийшдээ тээ.
Ажил дээрээ та байнга суудаг ажил хийдэг бол өдрийн хоолон дээрээ ачигчтайгаа хамт сууж байгаад адилхан хэмжээтэй хоол идээд байж болохгүй. Учрыг нь доорх линкээр уншаарай
8. Дасгал хөдөлгөөн хий, хийж амжихгүй юм аа гэхэд сайн алх, лифтээр биш шатаар яваад хэвшчих. Угаасаа бага хооллоод ирэхээр бие хөнгөрөөд, хөдөлмөөр санагдаад байдаг. Идэвхитэй амьдрана шүү.
9. Дээрх зөвлөмжүүдийг амьдралдаа хэвшүүлээд дадчихсан тул одоо хааяа идэхийг хүссэн зүйлээ идчихэж бай. Хүнс нь хүний биед зохисгүй хэрэглээгээ засах боломжийг үргэлж олгож байдаг. Тиймээс амттан идмээр л байвал идчихэж байгаарай боломж олгодог гээд л давраад байв.
ХОНОСОН ХООЛ номноос
Хүнсний Инженер О. Гал-Очир