Японы электроникийн аварга брэнд Тошибагийн эрин өндөрлөв
Нийтлэл

20 дугаар зуунд Японы электроникийн салбарт ноёлж байсан Тошиба компани өчигдөр 74 жилийн дараа Токиогийн хөрөнгийн биржээс хасагдаж, хувийн компани болжээ.
Тошибагийн уналт 2015 онд илэрсэн нягтлан бодох бүртгэлийн алдаанаас эхлэлтэй.
Долоон жилийн турш тус компани ашгаа $1.59 тэрбумаар хэтрүүлэн тайлагнаж, хөрөнгө оруулагчдыг хуурч байсан нь энэ үеэр илэрсэн юм.
Үүнд Тошибагийн дээд удирдлагууд оролцсон нь асуудлыг улам хурцатгасан байна. 2020 онд нягтлан бодох бүртгэлтэй холбоотой өөр олон зөрчил илэрсэн юм.
2021 онд явуулсан шалгалтаар Тошиба нь гадаадын хөрөнгө оруулагчдын ашиг сонирхлыг дарахын тулд Японы худалдааны яамтай хуйвалдсан хэрэг илэрч байжээ.
Энэ асуудал Тошибагийн хүрээнээс хальж, цаашлаад Японы хөрөнгийн зах зээлд итгэх итгэлийг унагаж байв.
2016 оны сүүлээр Тошиба нь нэг жилийн өмнө худалдаж авсан АНУ-ын Westinghouse Electric компанийн цөмийн цахилгаан станцын бүтээн байгуулалттай холбоотой олон тэрбумын зардлыг хариуцахаа мэдэгдэж байжээ.
Гэтэл үүнээс хойш гурван сарын дараа Westinghouse дампуурч, Тошибагийн цөмийн эрчим хүчний бизнес нурсны улмаас $6 тэрбум орчмын өртэй үлдсэн байна.
Энэ өрөө дарахын тулд Тошиба гар утас, эмнэлгийн тоног төхөөрөмж, хагас дамжуулагчийн зэрэг олон бизнесээ зарахад хүрсэн юм.
Компаниуд шинэ технологи бүтээхээр өрсөлдөж байхад Тошиба мөнгө олохын тулд үнэ цэнтэй бизнесүүдээ зарж байв. Ингэснээр тус компани дампуурлын ирмэгт хүрсэн юм.
2022 оны зургаадугаар сарын байдлаар Тошибаг худалдаж авах нийт найман санал иржээ.
Энэ оны эхээр Японы хөрөнгө оруулагчдын консорциум тус компанийг $14 тэрбумаар худалдаж авахаар шалгарсан байна.
Уг консорциумд Японы засгийн газрын оролцоотой Japan Investment Corp (JIC) багтжээ.
Тошибаг хувьчилж авсан хөрөнгө оруулагчдын цаашдын төлөвлөгөө тодорхойгүй байна. JIC-ийн хувьд өмнө нь Sony компанийн Vaio зөөврийн компьютерын салбар, Olympus компанийн камерын салбарыг аварч байсан туршлагатай.
Гэхдээ Тошибагийн хувьд эдгээрээс хавьгүй том тул эрсдэл өндөр. 106,000 ажилтантай тус компани Япон улсын хувьд үндэсний аюулгүй байдлын ач холбогдолтой юм.
Эх сурвалж: BBC