Жуулчдаа ГЭРТЭЭ ХАРЬ!

Жуулчдын эсрэг жагсаал энэ зун Европ даяар өрнөв. Нидерланд , Грек болон Испани зэрэг орнуудад олон мянган оршин суугчид өөрсдийн хот, тосгондоо цугларч, тодорхой хэмжээний тэмцэл зохион байгуулжээ. Өнгөрсөн долдугаар сард гэхэд Испанийн нийслэл Барселон хотод жагсагчид замд тааралдсан жуулчид руу ус цацан "Гэртээ харь!" хэмээн орилолдож байв. Мөн Майорка арал дээр олон мянган хүн эсэргүүцлийн жагсаал хийсэн бөгөөд аялал жуулчлал нь үндсэн оршин суугч, ажилчдыг ядууруулж, цөөн хэдэн хүнийг баяжуулж байна гэж зохион байгуулагчид нь мэдэгджээ.
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН СӨРӨГ НӨЛӨӨ
Жуулчдын тоо нэмэгдэх тусам өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ болон орон сууцны үнэ өсч байна. Тиймээс аялал жуулчлалын гол цэг болсон зарим орны иргэд өөрийн хувийн үл хөдлөх хөрөнгөө худалдаж авч чадахгүй байдалд хүрч байна гэж жагсагчид тайлбарлажээ. Тэдний нэг нь Карлос Рамирес юм.
Тэрбээр Барселон хотод дунд сургуулийн багш хийдэг бөгөөд хэдэн жилийн турш үл хөдлөх хөрөнгө худалдан авах зорилготой цалингаа хадгалж байгаа аж. Боломжийн цалин авдаг ч гэлээ бүх зүйлийн үнэ огцом өсч байгаа тул байр авах бус түрээсийн байрнаасаа хөөгдөх хэмжээнд хүрснээ ярьжээ.
Карлос Рамирес хэлэхдээ "Миний бүх танилууд энд амьдардаг. Одоо толгой хорогдох байртай байхын тул гурваас дөрвөн хүнтэй хамт амьдрах шаардлага гарч байна. Эс бөгөөд би ганцаараа түрээсээ төлж дийлэхгүй, хоолгүй хоцрох шаардлага гарна" гэжээ.
Өмнөд Европын бусад орнуудын адил Испани нь аялал жуулчлалын төв цэг бөгөөд зардал нэмэгдэж буй нь жуулчдын хөл хөдөлгөөн гэж Рамирес "CNN" агентлагт хэлжээ. Тэрбээр мөн "Нутгийн оршин суугчид, ялангуяа залуу хүмүүст өөрийн гэсэн байртай байх нь улам бүр хэцүү болж байна. Он жил өнгөрөх тусам жуулчдын тоо нэмэгдсээр байна" гэв. Барселон хотын дарга Жауме Коллбонигийн хэлснээр сүүлийн 10 жилийн хугацаанд түрээсийн үнэ 68 хувиар өссөн. Энэ өсөлт нь Европын бусад орнуудад мөн адил ажиглагдаж байна. Испанийн Канарын арлуудад зочлох жуулчдын тоо зуны улиралд хамгийн их байдаг тул оршин суугчид нь өнгөрсөн дөрөвдүгээр сард өлсгөлөн зарлаж байсан.
ДУРГҮЙЦЛИЙГ БИЙ БОЛГОХ НЬ
Барселон хотын зөвлөлийн мэдээлснээр, долдугаар сард болсон жагсаалд 2,800 хүн оролцжээ. Квинсландын их сургуулийн тогтвортой аялал жуулчлалын мэргэжилтэн Антже Мартинсийн хэлснээр оршин суугчид эсэргүүцлээ илэрхийлж жагсаж буй нь жуулчдын Испанийг зорих сонголтод нөлөөлнө. Тэрбээр "Жуулчид Барселон байтугай Испанид очихоос эмээх болно" гэв.
Мөн жагсагчдын дургүйцлийг хүргэж буй зүйл нь аялал жуулчлалын буруу менежмент гэж тайлбарлажээ.
Гэхдээ Европыг аялал жуулчлалын газар болгон сурталчлах үүрэгтэй ашгийн бус нийгэмлэг болох Европын Аялал жуулчлалын комиссын Гүйцэтгэх захирал Эдуардо Сантандерын хувьд жагсагчид бодит байдалтай нийцэхгүй, ямар ч утгагүй зүйлийн эсрэг жагсаал хийж байгаа аж. Мөн аялал жуулчлал нь Испанид ашиг олох боломжийг олгож байгаа тул оршин суугчдын бага цалин авдагтай ямар ч хамаагүй гэж тэрбээр үзжээ.
АРГА ХЭМЖЭЭ АВАХ НЬ
Зарим Европын орнууд жуулчдын эсрэг жагсаалыг хурцадмал байдалд оруулахгүйн тулд иргэдтэйгээ хэлэлцээ байгуулжээ. Зарим хотуудад жуулчдын тоог хянахын тулд татвар, хураамжийг нэмэгдүүлсэн. Эсвэл тодорхой үзвэр үйлчилгээг өдөрт хэдэн хүн үзэх зэргээр тоог нь хязгаарласан. Венец хотын хувьд жуулчдаас авах хураамжийн мөнгөө 5 еврогоор нэмэгдүүлснээр хөл хөдөлгөөн багассан байна.
Хотын дарга Луижи Бругнарогийн хэлснээр, хураамж нэмэгдүүлэх нь хэнд ч хэрэггүй шийдвэр мэт боловч хүчтэй нөлөөлсөн гэжээ.
Өмнө нь Венецийг зорих жуулчдын тоо их байснаас болж орон нутгийн иргэдийн бизнес энгийн нэг бэлэг дурсгалын дэлгүүр болж өөрчлөгдсөн. Мөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах хүмүүс зардлаа дийлэхгүй хэмжээнд хүрч байжээ. Луижи Бругнаро хэдэхдээ "Хотын төсөв ямар ч хөрөнгөгүй болж байсан. Зөвхөн бэлэг дурсгалын дэлгүүрүүд гудамж талбайд олширч, бусад оршин суугчид юу хийхээ мэдэхгүй байдалд хүрч байсан. Харин хураамж нэмэгдүүлснээр хотоо сэргээн босгож, ард иргэддээ илүү боломжийн бизнес эрхлэх гарц гаргалгааг бий болгоно" гэжээ.
Эх сурвалж: CNN