Lachlan Murdoch - орчин үеийн сэтгүүл зүйн тухай юу ярив?

New Corporation-ийн тэргүүн Lachlan Murdoch сонирхолтой ярилцлага өгч Австралийн хамгийн нөлөө бүхий 60 хүнийг шалгаруулсан сэтгүүлийн тусгай дугаарын нүүрийг чимжээ. Өдгөө 52 настай энэ залуу ааваасаа бизнесээ өвлөж аваад медиа групп компанийнхаа тэргүүнээр ажиллаж байгаа энэ хүн дундаас нь компаниа хаяж яваад өөрийн хувийн бизнесээ бас эхлүүлж байсан түүхтэй. Дэлхийн медиаг атгадаг энэ гэр бүлийн тухай сайн, муу олон мэдээ байдаг ч энэ ярилцлага дээр хэд хэдэн чухал асуудлыг хөнджээ.
Технологийн хөгжил, хиймэл оюун ухаан зэргээс болж уламжлалт хэвлэл мэдээлэл уналтанд орж байгаа нь ардчилалд учирч буй том эрсдэл гэж дүгнэсэн байна. Учир нь хуучин сонин, ТВ үзэж уншиж байгаад дургүй зүйлээ алгасаад, унтрааж болдог байсан бол сошиал медиа дээр та нар ингэх боломжгүй болсон буюу технологийн компани бид нарыг хэдийнэ бүрэн хэмжээгээр удирдаад эхэлсэн гэнэ. Иймээс хэвлэл мэдээллийн ирээдүй чухам сэтгүүл зүй дээр нь суурилж байж оршин тогтноно.
Бүх зүйл сэтгүүл зүй дээр ирж байж л үнэн худлын дэнс дээр шүүгдэнэ. Ийм учраас чанартай контент, эрэн сурвалжлах сэтгүүлзүй, баримт нотолгоо дээр суурилсан сурвалжлага, шинжээчдийн дүгнэлт, тайлан, шуурхай мэдээ ардчиллыг бэхжүүлэхэд ус, агаар мэт хэрэгтэй байна гэж маргажээ. Хэвлэл мэдээллийг технологи руу шахах тусам бид ардчиллаас алсрана гэнэ. Улс төр, соёлын эрүүл мэтгэлцээн, бүтээлч шүүмжлэл үйлдвэрлэдэггүй хэвлэл мэдээлэл бол жинхэнэ хэвлэл мэдээлэл огт биш. Тийм учраас төрийн мэдлийн, улсын эзэмшлийн хэвлэл мэдээллийн байгууллагуудаас мэдээлэл авч шийдвэр гаргахдаа шүүлтүүртэй хандаж байхыг захиж байна.
Энэ сорилттой үед New Corporation сэтгүүл зүйд үргэлжлүүлэн хөрөнгө оруулж дэмжихээс гадна уншигч нараа үргэлж хүндэлж, нийгмийн ямар ч асуудлыг тойрч зугтахгүй улаан нүүрээрээ үргэлж тулна аа л гэнэ. Австрали, Англи, АНУ гээд тив дамнасан медиа группын эзэн, дөрөв дэх засаглалын гол тоглогч ингэж ажиллахаас өөр яах билээ.
Аавын судсаар цус биш бэх урсдаг гэж хэлж буй энэ залуу аавынхаа тухай дурсахдаа өрсөлдөөний тухай мөн дурджээ. Тухайлбал, Автралийн медиа зах зээл рүү анх орж ирж баахан медиа компанид хөрөнгө оруулж, худалдаж авч байхдаа гол өрсөлдөгч компаниудаа оролдолгүй бодлогоор орхиж байжээ. Учир нь хүчтэй өрсөлдөгч байж гэмээнэ том зах зээл дээр урт хугацаанд биесээ нөхцөлдүүлэн оршиж, тэр хэрээр нийгмээ цэвэрлэнэ гэж аав нь хэлж байжээ.
Улс төр, улстөрчдийн тухай асуухад ихэнх улстөрчид нийгмийг эвлэрүүлэн нийлүүлэхээс илүү үзэл бодол, бодлогоор хагалан бутаргаж, хуваан талцуулдаг. Нэмээд цаг үргэлж хэт нэг тал руу туйлширдаг. Магадгүй энэ нь тэдний улс төрд амьд үлдэх арга нь байх. Иймээс ийм биш улс төрийн манлайлагч, лидер дэлхий даяар нүдний цөцгий мэт дутагдаж буйг хэлжээ. Гео улс төрийн талаар хэлсэн нэг сонирхолтой дүгнэлт байв. Тэр нь хэрвээ барууны улсууд Украиныг Оросуудад алдвал Хятад Тайваныг дэлхийн хамтын нийгэмлэгийн нүүрэн дээр нь зажлахгүй залгих болно гэж байна. Өөрөөр хэлбэл, хэрвээ Америк дэлхийн цагдаа хийж чадахаа байвал Хятад, Орос, Иран гээд улсууд энэ ажлыг хийхээр оочер дайран зогсоод хүлээж буй тухай хүүрнэжээ. Дэлхийн гуравдугаар дайн гарахгүй өдий хүртэл явж буйн шалтгаан яах аргагүй АНУ гэж маргажээ.
Сэтгүүл зүй үнэ цэнтэй байхын тулд контент үйлдвэрлэл дээр биш түгээлт дээрээ анхаарах ёстойг дурджээ. Энэ утгаараа сэтгүүлчдийн махаа идэж бүтээдэг контентийг сошиал медиагаар түгээхэд төлбөр төлөх ёстой гэж дүгнэсэн байна. Чанартай, хариуцлагатай сэтгүүл зүйг хөгжүүлэхийн тулд технологи, сошиал медиа компаниуд ийм контентийг үнэлж мөнгөжүүлэх цаг болсон гэнэ. Ингэж байж бие даасан, хараат буй сэтгүүл зүй хөгжих учиртай гэжээ. Энэ систем рүү орохын тулд News Corporation ирэх жилүүдэд дэлхий даяар манлайлан ажиллахаа ч амлажээ. Учир нь сэтгүүлчдийн бүтээл, сэтгүүл зүйгээр амьдардаг сошиал медиа эргээд контентийн эх үүсвэр рүүгээ хөрөнгө оруулахгүй бол ардчилалд учрах хамгийн том аюул энд бүрэлдэнэ гэж дүгнэсэн байна.
Гүүгл зэрэг компаниуд дата, контентийг эдийн засаг буюу цэвэр арилжааны журмаар харж ирсэн өнцгөө одоо өөрчилж, тэдний бизнесийн нийгэм, соёлд үзүүлж буй сөрөг нөлөөг анхаарч, бодлогоо өөрчлөх ёстой гэж мэтгэжээ. Өөрөөр хэлбэл, технологи, сошиал медиа компаниуд бидний датаг ашиглаад бидний өмнөөс яах ийх тухай шийдвэр гаргах учиргүй гэж байна шүү. Иймээс барууны улсуудад Social License хуулийн төслүүд хэлэлцэгдээд эхэлсэн явж байна. Хэвлэл мэдээллийн байгууллагууд технологийн хөгжил, ялангуяа хиймэл оюун ухаантай өрсөлдөхгүй харин урт хугацаанд түншлэх ёстой гэнэ. Жишээ нь, хиймэл оюун ухааны хүний хийж чадахгүй, амжихгүй асар том мэдээллийн сантай эгшин зуур эмхлэн ажиллаж чадна. Эндээс гарч ирсэн үр дүнг сайн сэтгүүлч, сурвалжлагч л чулуу болгох учиртай ажээ.
Эцэст нь аавынхаа захиасыг уншигчидтай хуваалцлаа. Тэр нь “Үргэлж сониуч байгаарай. Үргэлж бусдаас яагаад гэж асууж, энэ асуултанд өөрөө хариулахын тулд үргэлж бодож сэтгэж, ингэж бодож сэтгэхийн тулд цаг үргэлж бусдаас суралцаж байгаарай. Энэ үнэ цэнийг үргэлж эрхэмлэн дээдэлж яваарай” гэнэ ээ.
Нийтлэгч: Ganzorig Vanchig