Бага зэрэг "балгасан" ч жолооны ард бүү суу...
Нийтлэл

Засгийн газраас Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж, яаралтай горимоор хэлэлцүүлэх гэж байна.
Гол өөрчлөлт нь 14-16 насны хүүхдийн эсрэг бүх гэмт хэргийн ялын бодлогыг чангатгана. 14-16 насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэгт одоогийн Эрүүгийн хуулиар 5-12 жилийн ял оноож байгааг, 12-оос дээш жил болон бүх насаар нь хорих ял оноох заалт оруулж байна. Ийм хэргээр шийтгэгдсэн бол хорих ялыг хугацаанаас өмнө суллахгүй, өршөөл үзүүлэхгүй байхаар тусгажээ.
Одоогийн хуулиар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохыг зөрчил гэж үздэг. Тэгвэл Эрүүгийн хуульд оруулж буй хоёр дахь том өөрчлөлт нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож буй аливаа үйлдлийг гэмт хэрэгт тооцно. Өөрөөр хэлбэл, согтууруулах ундааг ямар хэмжээгээр хэрэглэснээс үл хамаарч энэ нь зөрчил биш гэмт хэрэгт тооцогдоно гэж Хууль зүй, дотоодын хэргийн сайд Б.Энхбаяр танилцуулсан.
Б.Энхбаяр сайдын энэ танилцуулгын дараа “шоронжсон улс болох нь” гэсэн эсэргүүцэл нийгмийн сүлжээгээр давалгаалав. “Хуулиа мөрдөх”-ийн оронд жолооны ард гөлөмцүү суухаа юман чинээ санахгүй байгаа олны хандлага айдас төрүүлэх аж.
Манай улсад сүүлийн нэг жилд согтууруулах ундааны борлуулалт өмнөх оноос 1.2 сая литр буюу 10 хувиар буурсан нь сайн мэдээ. Үүнийг дагаад согтуугаар үйлдэгдэх гэмт хэргийн тоо ч буурсан байна.
Тээврийн цагдаагийн албанаас “Уусан бол бүү жолоод” уриалга бүхий хяналт, шалгалтын ажлыг өнгөрсөн зунаас хойш орон даяар өрнүүлж байна. Согтуугаар жолоо барих зөрчил баасан гарагт өндөр байдаг тул цагдаагийнхан өндөржүүлсэн шалгалт хийдэг аж.
Хамгийн сүүлд буюу өнгөрсөн долоо хоногийн баасан гарагийн /2023.10.6/ шөнө нийслэлийн 1060 хэсэгт 2700 орчим цагдаа нэгдсэн шалгалт хийж, нэг шөнийн дотор архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 577 жолоочийг илрүүлжээ.
Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт яваа атлаа “Баянзүрх дүүрэгт явж байна” гэж хэлсэн согтуу жолооч эмэгтэйн бичлэг хэдхэн хоногийн өмнө цахим орчинд цацагдав. Жолооны ард суучихаад хаана яваагаа мэдэхгүй болтлоо хөлчүүрсэн эмэгтэй өөр машины араас "орсон" нь зол гэж алга хавсармаар эмгэнэлтэй дүр зураг.
Энэ мэт согтуу жолоочийн буруугаас 2023 онд зам тээврийн 615 осол гарсан. Эдгээр ослын улмаас 50 хүн харамсалтайгаар амиа алдсан. Сүүлийн 10 жилд согтуу жолоочийн буруугаас 1213 хүний амь эрсэджээ. Согтуу жолоочийн буруугаас нэг жилд дунджаар 120 хүн амиа алдаж байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохын аюулыг харуулсан үүнээс муу баримт гэж байх уу.
Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн зохицуулагч, Цагдаагийн ахмад Х.Мөнх-Эрдэнэ, 2023 оны эхний есөн сард архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 33 мянган жолоочийг илрүүлж, арга хэмжээ тооцсон. Үүн дотор давтан үйлдэл буюу согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож эрхээ хасуулсан жолооч 3000 байсан.
Манай улсын хувьд драйгераар шалгахад, 0.20-иос дээш гарвал тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасдаг. Энэ бол олон улсын жишиг. Европын зарим оронд энэ үзүүлэлтийг 0.05-аар тогтоодог байна. Согтуурлын зэрэг 0.20-иос дээш бол жолоо барих үед самбаачлах чадвар алдагдана. Орчноо мэдрэх мэдрэмжгүй болж, осол гаргах шалтгаан нөхцөл үүсдэг гэлээ.
“Бага зэрэг л балгасан, машинаа бариад гэртээ асуудалгүй харьчихна” гэх хэнэггүй нэгэн таны хажууд байх вий. Ийм хайхрамжгүй байдал хэдэн зуун хүний алтан амийг хохироож, харамсаад барахгүй гэмшил дагуулахыг ухамсарлах бид учиртай.
Одоо мөрдөгдөж буй Зөрчлийн тухай хуульд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодвол:
Зөрчлийн тухай хуулийн 14-р зүйлийн 7.3.1-рт зааснаар “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилээр хасаж, 400 нэгжтэй /400 мянган төгрөг/ тэнцэх хэмжээний торгуулийн арга хэмжээ авдаг”.
Эрхээ хасуулсан болон тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол 7-30 хоногийн баривчилгаа, шүүхээс албадан сургалтад хамруулдаг.
Хоёр дахь удаагаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол гадны зарим оронд:
Дани улсад эрхийг 10 жилээр хасдаг.
Хятадад жолоодох эрхийг бүх насаар нь хасдаг
АНУ-д согтууруулах ундааы зүйл хэрэглэсэн үедээ машин жолоодсон хүний эрхийг хассан хугацаанд машин нь өөрийн нэр дээр байвал журмын хашаанд байлгадаг. Мөн тухайн жолоочийн хажууд машинд нь байсан хүмүүсийг зөрчил гаргахад дэмжлэг үзүүлсэн гэх үндэслэлээр торгуулийн 25 хувь хүртэлх хэмжээний торгууль оногдуулдаг байна.
Согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол зөрчил биш, эрүүгийн хэрэгт тооцохыг Засгийн газрын энэ долоо хоногийн /2023.10.11/ хуралдаанаар дэмжлээ. Ингэхдээ ялын дөрвөн сонголтыг Эрүүгийн хуулийн төсөлд тусгажээ.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол:
1-3 жил хүртэл хугацаагаар жолоодох эрхийг хасаж, 450 мянгаас 2.7 сая хүртэл төгрөгөөр торгох
240-720 цаг хүртэлх цагийн нийтэд тустай ажил хийлгэх
6 сараас 1 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах
6 сараас 1 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл давтагдсан бол хүндрүүлэх бүрэлдэхүүнд оруулж:
Хорих ял болон зорчих эрхийг хязгаарлах хугацаа 2 жил хүртэл хугацаагаар нэмэгдэнэ.
Торгуулийн хэмжээ нэмэгдэнэ.
Согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож:
Хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан бол 3-5 жил
Хүнд гэмтэл учруулсан бол 5-8 жил
Хүний амийг хохироосон бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг бүх насаар нь хасна гэж заасан тухай ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр танилцуулав.