Робот нохой Аляскын нисэх буудлаас зэрлэг амьтдыг үргээдэг болжээ
Нийтлэл

АНУ-ын Аляска мужийн хоёр дахь том нисэх буудал зэрлэг амьтад нислэгт аюул учруулахаас урьдчилан сэргийлэх зорилгоор робот нохой ашиглаж эхэлжээ.
Фэйрбанкс хотын нисэх буудалд туршилтаар алба хаах болсон энэ роботод “Aurora” хэмээх нэр өгснийг Аляскын Нийтийн Тээврийн Газар мэдээлсэн байна.
“Aurora” нисэх буудлын хөөрөх, буух зурваст зэрлэг ан амьтад орж ирэх болон нисэх буудлын ойролцоо нүүдлийн шувууд үүрлэхээс сэргийлэх үүрэгтэй ажилладаг болжээ.
Роботыг үнэмшилтэй болгохын тулд чоно, үнэгний өмсгөл ашигладаг юм байна.
Гэхдээ хэт үнэмшилтэй болгохоос татгалзаж, өмсгөлд амьтны арьс ашиглаагүйг Аляскын Нийтийн Тээврийн Газрын хөтөлбөрийн менежэр Райан Марлоу тайлбарлажээ.
Үүнээс өмнө мужийн эрх баригчид тусгай үнэртэй бодис шүршдэг дроныг зэрлэг амьтдыг үргээхэд ашиглах төлөвлөгөөтэй танилцсан ч энэ шийдлээс татгалзаж байсан гэнэ.
1990-ээд оны үед нисэх буудлын ойр орчимд усны шувуу үүрлүүлэхгүйн тулд өндгийг нь идүүлэхээр гахай хүртэл байлгадаг байжээ.
Олон янзын арга техник хэрэглэсний эцэст робот нохойг туршиж эхэлсэн байна.
Туршилтын нэг чухал хэсэг нь хандгай, баавгай зэрэг том биетэй амьтад робот нохойтой тулгараад ямар хариу үйлдэл үзүүлэхийг харах ажээ.
Аляскын бусад нисэх буудлууд одоо зэрлэг амьтдыг нислэгт саад учруулахаас сэргийлэхийн тулд чанга дуу чимээ гаргах, заримдаа үрлэн сум бүхий бууг хүртэл ашигладаг байна.
Өнгөрсөн онд Аляск даяар нийт 92 удаа зэрлэг ан амьтан нисэх онгоцтой мөргөлдөж байжээ.
Ихэнх тохиолдол онгоцонд ямар нэг гэмтэл учруулаагүй байна. Гэхдээ шувууд онгоцны хөдөлгүүрт сорогдож орвол ноцтой аюул учруулах боломжтой гэж үздэг.
1995 онд Анкориж хотын Элмендорф агаарын баазад Awacs (Airborne Warning and Control System) төрлийн нисэх онгоц сүрэг галуутай мөргөлдсөний улмаас осолдоход 24 хүн амиа алдаж байжээ.
Хэрвээ Фэйрбанкийн туршилт үр дүнтэй болбол Аляскын бусад жижиг нисэх буудлуудад робот нохой ашиглах төлөвлөгөөтэй байгааг Марлоу ярьж байна.
Ингэх нь хүмүүсийг үргээгчээр ажиллуулахаас зардлын хувьд хамаагүй хэмнэлттэй гэнэ.
Boston Dynamics компанийн бүтээсэн уг робот $70,000 орчим үнэтэй бөгөөд зардлыг АНУ-ын холбооны засгийн газрын төсвөөс гаргажээ.
Эх сурвалж: Associated Press