Цахилгаан машинууд галын эрсдэл хэр их байдаг вэ?
Нийтлэл

Цахилгаан машин амархан шатдаг, аюултай гэсэн ойлголт зарим хүмүүст байдаг. Ялангуяа хятад цахилгаан машин юу юугүй л шатдаг гэж хэлэх нь холгүй.
Тэгвэл энэ талаарх олон улсын судалгааг авч үзье. Улс орнууд эхнээсээ галын аюулын судалгааг нийтэлж эхэлжээ.
Шведийн онцгой байдлын албаны судалгаагаар:
• Цахилгаан машин нь Дотоод шаталтат хөдөлгүүртэй машинаас 20 дахин бага галд өртдөг гэнэ.
Нэмээд Америкийн даатгалын холбооны судалгаа ч үүнийг батална.
• 100 мянган цахилгаан машины ердөө 25 нь галд өртжээ.
• Харин дотоод шаталтат хөдөлгүүртэй ердийн машины хувьд 1530
• Хайбрид машинуудын хувьд 3475 буюу хамгийн ихээр галд шатдаг ажээ.
——
• Цахилгаан машин шатах нь тухайн хот болгонд ТВ, сонины гол мэдээ болдог. Учир нь сонирхолтой, шинэ технологи шүү дээ. Хүмүүсийн анхаарлыг татах ач холбогдолтой. Харин бензин машин шатсан тухай мэдээг хэн ч тоохгүй.
• Цахилгаан машин шатах процесс нь сүртэй, айхтар исгэрэх дуу чимээ гардаг, гэнэт ийш тийшээ юм тэсэрдэг, утаа ихтэй, унтраахад хэцүү гэх мэт нь хүмүүсийн анхаарлыг илүүтэй татдаг ажээ.
Дашрамд, таны мэдлэгт:
• Цахилгаан машины батерейнээс гал хэрвээ гарвал үүнийг уламжлалт аргаар унтраах гэж оролдох нь үр дүнгүй. Учир нь энэ бол химийн гал учир хүчилтөрөгч шаарддаггүй байна. Юуны түрүүнд эргэн тойронд гал авалцаж болзошгүй бүх зүйлийг холдуулаад мэргэжлийн гал сөнөөгчдийг хүлээнэ. Галаас гарч буй утаа нь химийн маш хортой нэгдэл байдаг тул амьсгалж хэрхэвч болохгүй.