Түгжрэлийн тухай ярих Нямбаануудыг яана аа?
Нийтлэл

Либерти намын комидиан Амраа, Нийслэлийн мээрийн орлогч Сайнзориг гээд нэгэн үеийн хоёр залуу түгжрэлийн асуудлаар нэг нэвтрүүлэгт сууж байна.
Амраа нь төр бүх юм руу гүйж ордогоо больж, иргэддээ итгэж даалгах нь аль ч салбарт зөв гарц, нийтийн тээврийн салбараас микро автобусуудыг хөөж гаргаад, төр хариуцаж аваад, компаниудад жилдээ 300 тэрбумын татаас өгөөд ч асуудал шийдэгдсэнгүй харин ч хүндэрлээ, хувааж идээд автобусаа ч шинэчилж чадсангүй гэхчлэн маш ойлгомжтой ярих юм.
Нөгөө талд нь Сайнзориг тэгэх ёстой, ингэх ёстой л гээд байна. Зам дээрх хаалт хашилт, дугаарын хязгаарлалт, төлбөртэй бүс гээд төрөөс авч хэрэгжүүлж байгаа бүх арга зам нь хаах, торгох, татаас авах, хавчих боох...цаашдаа төрийн дарамт улам нэмэгдэнэ, энэ бол шийдэл гарц биш гэж Амраа яриад л байх юм.
Хариуд нь Сайнзориг тэдэн айл нүүлгэнэ, тийм орон сууц барина, бүгдийг нь тэр байрандаа оруулна, тэр эгнээг чөлөөлнө, тийм хууль батална, тэгж хязгаар тавина, ингэх ёстой, тэгэх ёстой...гээд л зүтгээд байх юм.
Амраа иргэдэд боломжийг нь өгчихвөл гурван автобустай нь ч компани байгуулаад, яваандаа бүр супер автобус оруулж ирээд 2000 төгрөгөөр үйлчилнэ л биз, 1000, 500 төгрөгөөр үйлчилдэгүүд нь зэрэгцээд явж л байна биз, тэгж байж хөгжинө. Микроавтобусны үед буюу 2016 онд тэд зорчигчдоо булаацалддаг байлаа, гэтэл одоо зорчигчид автобусаа булаацалдаж байна гэхчлэн ойлгуулах гээд л үзээд байх юм.
Сайнзориг тийм ч хуулиа батлаад, тэгж ч төлбөр аваад, тэр хооронд тийм ч газрыг тэдэн айлаас чөлөөлж аваад, тэр айлуудаа нэгдсэн журмаар байранд оруулаад, нэг өдөр нэг алга ташилтаар түлхүүр гардуулаад, нэг зам дээр, нэг эгнээнд журамлаад...гээд л бүүр нүдэнд нь харагдаад байгаа бололтой, арай л баярын марш эгшиглүүлсэнгүй.
Үзэл бодлын үлгэр мэт асар том зөрүү, төр гэдгийг өнгөрсөн зуунаар ойлгодог асар том эндүүрэл...яана даа, нэгэн үеийн хоёр залуугийн хоёр өөр төлөвшил, боловсрол гэхээсээ илүү хоёр өөр хандлага, харилцаа л юм даа. Нэг нь тонгойж хараад, тоглоом өрж нааддагтайгаа адил санаад байна, нөгөөх нь нүүр тулж хараад байна. Үгүй тэгээд төр, түмэн төлөөлсөн хоёр залуу хоёулаа ингэх ёстой, тэгэх ёстой, ийм ч ёстой, тийм ч ёстой, тэр ч ёстой, энэ ч ёстой гэж коммунизм уншсанаас дээр ээ, дээр.
Гурав дахь хүн ч судалгаанд тулгуурлах тухай зөв л яриад байгаа юм, нэг үеийнх гэдгээр нь энэ хоёр залууг онцолж бичлээ. Энгийнээр хэлбэл Сайнзориг буланд шийтгүүлж зогсдог, зандчуулж өссөн хүүхэд шиг, Амраа буланд зогсох үгүйгээ өөрөө шийдэж өссөн хүүхэд шиг...Доогуур нь Түгжрэлийн хуулийн сурталчилгаа зогсоо чөлөөгүй урсаад л байх юм. Яана даа, манай өөрийгөө төр гээд бодчихсон Нямбаанууд өөрчлөгдөх болоогүй юм байна аа, хаа ч байсан юм, машаандаа 00 суулгуулах арга бодохоос доо ха ха.