Цахилгаан автомашины үнийг хямдруулсныг эсэргүүцэв
Мэдээ

Хятадын хэд хэдэн хотод цахилгаан автомашины үнийг эрс бууруулсныг эсэргүүцэн “Tesla”-гийн гэрээт борлуулалтын төвүүд болон дэлгүүрүүдийн гадаа олон зуун хүн цуглажээ.
Зөвхөн Шанхай хотод гэхэд тийм автомашин эзэмшигч 200 орчим хүн жагсаалд оролцов.
Сүүлийн саруудад цахилгаан хөдөлгүүртэй автомашины үнийг хоёр дахин бууруулсныг тус компанийн луйвар гэж тэд үзэж байна.
Хамгийн сүүлд энэ сарын 6-нд “Model Y” болон “Model 3” загварын үнийг хямдруулжээ.
Шинэ оны эхний өдрөөс эдгээр автомашиныг худалдан авахад төрөөс дэмжлэг үзүүлэхээ болих байсан. Тиймээс олон хүн өнгөрсөн он дуусахаас өмнө “Tesla”-гийн автомашиныг худалдаж авахаар яарсан гэнэ. Гэтэл одоо огцом хямдарч, улмаар төрийн дэмжлэгээр тийм машин худалдаж авснаас ч бага үнэд хүрсэн аж. Тиймээс цахилгаан автомашин эзэмшигчид үнийн зөрүүг нөхөхийн тулд компаниас хөнгөлөлт үзүүлэхийг шаардаж байна.