Орчин үеийн SoftSkill-ийн тухай
Нийтлэл

Сагсчин Bruce Brown NBA дотроо хамгийн өндөр нь ч биш, хамгийн их оноо авчирдаг тоглогч нь ч биш. Гэвч өнгөрсөн зун free agency нээгдмэгц Indiana Pacers түүнийг $45 саяар 2 жил тоглуулахаар гэрээ хийсэн билээ. Энэ мөнгөний дүн нь түүний сүүлийн 5 улирлын нийлбэр цалинтай тэнцэх хэмжээтэй бөгөөд одоо орсон багийнхаа хамгийн өндөр цалинтай нь болж байгаа юм. Хэдийгээр тоглолтын мундаг үзүүлэлтгүй ч хамгийн таатай хамтран тоглогч учраас ийнхүү түүнийг үнэлж байгаа юм.
Тэрээр ажлаа сайн хийнэ, бусдыгаа сайн тоглолт хийхэд нь тусална, тэднийг магтана, бусдын хийх дургүй зүйлийг зүтгэлтэйгээр хийнэ. Ковбой малгай өмсөн инээмсэглэн зогсож багийн нүүр болдог түүнд үзэгчид төдийгүй багийхан нь дуртай. Үүнийг энд soft skills буюу гол ажлаасаа гадна хамтран ажиллагчид, нийт баг хамт олныхоо ажил болон уур амьсгалыг дээш татаж өгдөг бусдыг сонсдог, сайхан харилцдаг, асуудлыг шийддэг, дээр нь empathy буюу бусдын оронд өөрийгөө тавьж харах, ойлгох чадвар чанарууд үүнд багтана. Сүүлийн жилүүдэд барууны компаниуд мэргэжлийн чадвараас гадна эдгээр чанаруудыг нь харж хүмүүсийг ажилд авах болсон билээ. Сэтгэл зүйн тест бөглүүлээд л мэдчихдэг бололтой.
Эдгээр дотроос empathy нь хувь хүн, өөрийгөө нэгд тавихыг голлодог барууны нийгэмд ховорхон чадварт орно. "The War for Kindness: Building Empathy in a Fractured World" номын зохиолч Dr.Zaki ярицлагадаа "Зарим хүмүүс илүүтэй empathy өвлөж төрсөн байдаг, хүн сайхан сэтгэлтэй болоход тал нь удамшлаас, талыг нь аав ээж, орчин тойрноосоо суралцаж эзэмшдэг. Байнгын дадлагаар эзэмшигдэнэ" гэжээ.
Саяхан нэгэн дүү хүүгийн хичээлийг сонсоод суухнээ монголчууд бусдыг ойлгох сэтгэл буюу Өр гэж нэрлэдэг гэлээ. Монголчууд маань өрийг эрхтэн гэж үзэж өр өвдлөө, өр зүрх шимширлээ, өр нимгэн гэж ярьдаг билээ. Эртнээс амьдрал дээр бусадтай хамтран амьдрахад нэн чухал чадвар тул бүр багаас нь малынхаа оронд өөрсдийг нь тавьж бодуулах замаар хүүхдүүдээ өр сэтгэлтэй болоход нь сургадаг байсан аж. Уг нь бол Монгол хүн төрөлхийн өр сэтгэл сайтай, дээр нь аав ээж нь нэмээд улам сайн суулгаад өгдөг чадвар л даа.
Гэтэл сүүлийн үед хэлж ярих, харагдах шинж нь сайхан авч өр сэтгэлгүй, зөвхөн өөрийгөө нэгд тавих, өөрийн хэргийг бүтээхийн тулд бусдыг хорлохоос буцахгүй тийм л нэг Монгол залуучуудтай тааралдах боллоо. Үүнийхээ уршгаар хамтран ажиллах, хийж бүтээх, нийлээд урагшлах боломжуудаа хаалгах юм. Миний бие ерөнхийдөө залуучуудыг шүүмжлэхээс зайлсхийхийг хичээдэг, учир нь өөрөө залуу байж үзсэн хүн алдаж онохыг алийг тэр гэхэв гээд өршөөх нь их. Гэвчиг ийм залуучууд олширвол хэрхэн яаж хамтран ажиллаж, амьдарч Монгол орноо дээш татах билээ гэж бодогдох боллоо.
Дүү нар минь үр хүүхдүүдээ өр сэтгэлтэй хүн болоход нь багаас нь сургадаг юм шүү. Хүүхдээ хүн, мал амьтны оронд өөрийг нь тавьж бодуулах, жишээ нь чи найзынхаа оронд байсан бол хэн нэг нь ингэж хэлбэл сэтгэл нь өвдөнө биз дээ, байгаль, ан амьтныг хайрладаг хүн болгоё гэвэл хорхой шавьж явж байвал хөөрхий аав ээж үрүүгээ явж байхад нь чи саад хийв дээ, гишигчихэв дээ гэхчилэн байнга хэлж ойлгуулж явдаг юм шүү. Ирээдүйд хийж бүтээх зүйл нь дандаа хамтын ажиллагаа, харилцаа холбоо дээр тогтоно. Энэхүү чадварыг сайн эзэмшүүлбэл сэтгэлд нь татагдаж сайн найз нөхөд, анд, хань ижил хүрээлнэ дээ.
Нийтлэгч: Bayaraa Dagva