"Tesla"-ийн зах зээлийн үнэлгээ $240 тэрбумаар өссөн ч хувьцаа нь "Overbought" бүс рүү оров
Мэдээ
Tesla” компанийн хувьцаа арилжааны 13 хоног дараалан өсөв.
“Tesla” компанийн хувьцаа арилжааны 13 хоног дараалан өссөн нь шинэ дээд үзүүлэлт боллоо. Тус компанийн зах зээлийн үнэлгээ тавдугаар сарын эцсээс 240 гаруй тэрбум ам.доллароор өсөөд байгаа юм.
Хэдий тийм боловч “Tesla”-ийн хувьцааны ханш 2021 оны 11 дүгээр сараас хойших хамгийн өндөр дүнгээр буюу “Overbought” бүс рүү ороод байна. Энэ нь тус компанийн хувьцааны худалдан авалт хэтэрсэн буюу өсөлт нь эргэн унах зам руугаа орох дохио болж байгааг шинжээчид онцолж байна.
Үүний баталгаа болж “Tesla”-ийн хувьцааны ханш лхагва гарагт 0.7 хувиар унаж, 256.79 ам.долларт хаагдлаа. Ингэснээр хамгийн урт хугацаанд үргэлжилсэн өсөлт нь зогсоод байна.
Энэхүү үйл явдалтай зэрэгцэн тус компанийн хиймэл оюуны хөрөнгө оруулалт өсөн нэмэгдсээр байна. Мөн "Tesla"-д хэд хэдэн эерэг үйл явдал болсны нэг нь өрсөлдөгч "General Motors" болон "Ford Motor" компаниудтай цэнэглэх станцын стандартын тохиролцоонд хүрсэн явдал юм. Түүнчлэн тус компанийн седан ангиллын "Model 3" загварууд бүгд АНУ-ын татварын хөнгөлөлт эдлэхээр болжээ.
Ташрамд дурдахад, "Tesla" компани 2022 онд дэлхийн хэмжээнд 1.3 сая нэгж автомашин борлуулсан бол 2023 онд хамгийн багадаа 1.8 саяыг борлуулах зорилт тавиад байгаа юм.