Анх удаа цахилгаан автомашин тэргүүлэв
Мэдээ

Дэлхийн түүхэнд анх удаа цахилгаан автомашин хамгийн их борлуулалттай машин болсон байна. Эдгээрээс Америкийн цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Teslа” компанийн “Model Y” загвар энэ оны эхний улиралд дэлхий даяар хамгийн их худалдаалагджээ. “The Verge” цахим хуудсанд мэдээлснээр, “Teslа” компани энэ оны эхний гурван сард дэлхий даяар 267 мянга гаруй "Model Y" загварын машин худалдсан нь өнгөрсөн оны эхнийн улирлын борлуулалтаас 69 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Хоёрдугаарт, 256.4 мянган ширхэг зарагдсан үзүүлэлтээр "Toyota Corolla" орсон бол гуравт 214 мянга гаруй ширхэг худалдаалагдсан "Toyota Hilux" багтсан байна. Хамгийн их борлуулалттай таван автомашины тоонд мөн "Toyota RAV4" (211 мянга) болон "Toyota Camry" (166.2 мянга) оржээ.
Өнгөрсөн онд “Teslа” компанийн орлого дээд амжилт тогтоосон юм. Өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд “Teslа” 24.318 тэрбум ам.долларын орлого олсон нь өмнөх оны мөн үеийнхээс 37 хувиар, өмнөх сарынхаас 13 хувиар өссөн үзүүлэлт юм. 2022 оны нийт орлого нь 81.462 тэрбум ам долларт хүрч, 2021 оныхоос 51 хувиар өсөөд байна.
Г.АМАРСАНАА