Сурвалжлага: Жийпний эрэлт ихэсч, машины үнэ 2-5 саяар өсчээ

Үндэсний их баяр наадам болоход гурав хоног үлджээ. Жил, жилийн баяраар эрэлт нь эрс нэмэгддэг автомашины борлуулалт энэ жил муу байгаа талаар худалдаачид хэлж байв. Түүгээр ч зогсохгүй бэлэн мөнгөөр машин авах хүнгүй болсон учраас банк бус, лизингээр зарж байна гэж учирлалаа. Мөн энэ жил хамгийн борлуулалттай байдаг приус маркийн машины худалдан авалт буурсан гэв. Хэдийгээр худалдан авалт муу байгаа ч хил гааль, татвар, түрээстэй холбоотойгоор “Да хүрээ” авто захад хамгийн эрэлттэй байдаг машинуудын үнэ 2-5 сая төгрөгөөр өсчээ.
Тухайлбал, хамгийн хямд машин болох "Pruis-20″, Pruis-30", "Aqua" зэрэг 16-26 сая төгрөгийн үнэлгээтэй шинэ машины үнэ тээврийн зардлаас шалтгаалж он дээгүүрх нь 2-4 сая төгрөгөөр нэмэгдсэн байна.
Худалдаачдын хэлж байгаагаар зарсан машиныхаа ашгаар сарын түрээсээ төлж, машинд хэрэгцээтэй бүтээгдэхүүн болон дараагийн татан авалтын зардлаа төлдөг. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш иргэдийн худалдан авалт эрс багассан байна. Хамгийн гүйлгээтэй байдаг приус машиныг хүмүүс наадмын гоёлоороо тийм ч их сонгохгүй байгаа бөгөөд ихэвчлэн гэр бүлийн, дунд оврын жийп сонирхож байгаа аж. Гэхдээ бэлэн мөнгөөр биш лизингээр. Лизингээр машин авах хүмүүс 30 хувь төлж чадахгүй 10-20 хувиар авч байгаа нь нэг талаар эдийн засагтай холбоотой бол нөгөө талаар автомашины үнэ өнгөрсөн жилээс тасралтгүй өсч байгаагаас хамаарч буй аж. Мөн ченжүүдийн хэлснээр татвар багассан ч тээврийн хөлс өссөн гэв.
ТЯНЬЖИНЫ БООМТООС ШАЛТГААЛЖ МАШИНЫ ИМПОРТ ГАЦСАН
Тяньжин боомтод 2024 оны зургадугаар сарын байдлаар 7000 гаруй чингэлэг гацаад буй. Тодруулбал, Тяньжин боомт дээр ирсэн чингэлгүүд Монгол руу гарч чадахгүй гацаа үүсгэсэн. Үүнээс хамаарч машины импорт саатсан байна. Учир нь, Тяньжинаас Улаанбаатар руу гарах импортын барааны газрын тээврийн хугацаа 70-80 хоног байгаа юм. Тээвэрлэлтийн хугацаа уртсахын хэрээр тээврийн зардлын үнэ өсдөг байна. Тяньжинд гацаа үүссэнээс тээврийн зардал 20-30 хувиар өссөн аж.
Албаныхан Тяньжин боомт дээр гацаа үүсч байгаа шалтгааны нэгийг хуучин машины импорт өссөнтэй холбож буй.
Иений ханш өнгөрсөн арванхоёрдугаар сараас суларсан хэдий ч Японоос татах хуучин машин 2023 оны мөн үеэс 2.5 дахин өсчээ. Энэ нь Тяньжин боомтын ачааллыг 20 хувиар нэмж. Үүнээс хамаарч машины үнэ өссөн байна. Хэдийгээр наадмын худалдан авалтаар приус муу гарч байгаа ч бусад үед эрэлт их хэвээрээ гэдгийг ченжүүд онцолсон.
Үнийн хувьд:
Приус 30- 2009-2011 оных 21-24 сая төгрөг, 2015 оноос дээшхи нь 27-оос дээш сая төгрөг,
Приус 41 оноосоо хамаарч 28-35 сая төгрөгийн хооронд,
Акуа мөн оноос хамаарч 22-оос доош сая төгрөгийн үнэтэй байна.
“ТОЁОТАГИЙН 25-58 САЯ ТӨГРӨГИЙН МАШИНУУД ХАМГИЙН ИХ ЗАРАГДДАГ”
"Да хүрээ" захад "Тоёота"-гийн машинууд хамгийн их зарагддаг байна. Үнийн хувьд дээд тал нь 58 сая төгрөгийнх. Lexus, RX зэрэг дунд оврын жийпүүд хамгийн үнэтэй нь буюу 60 хүртэлх сая төгрөг. Харин бусад жижиг машин 20-35 сая төгрөг байна. Хүмүүс ямар ч машин авсан ихэвчлэн зээлээр л авч байгаа харагдана. Үндсэндээ банк бус санхүүгийн байгууллага /ББСБ/ л ченжүүдийг амьжиргаагаа залгуулахад тусалж байна.
Ченжүүд нэг машинаас дээд тал нь 3-5 сая төгрөг унагаадаг. Гэтэл одоо сардаа таван сая төгрөг олох гэж их л хичээж байна. Бэлэн мөнгөөр автомашин зараад баяжаад байгаа нэг ч ченж алга гэлцэнэ.
Машин сонирхож байгаа иргэд давхар цалингийн зээлтэй байгаа учраас ББСБ-аас автомашины өндөр хүүтэй зээл авах нь бий. Гэхдээ төлөлт болоод хугацааны хувьд харьцангуй дажгүй учраас хүмүүс сонгож байна гэсэн юм.
ГЕГ: СУУДЛЫН МАШИНЫ ИМПОРТ ӨНГӨРСӨН ЖИЛЭЭС 2 ДАХИН ӨССӨН
Гаалийн ерөнхий газраас өгч байгаа мэдээллээр энэ оны эхний зургаан сарын байдлаар 57405 суудлын машин, 14158 ачааны машин импортоор орж иржээ. Өнгөрсөн жилүүдтэй харьцуулбал энэ нь хоёр дахин өссөн үзүүлэлт.
Тухайлбал, суудлын автомашин 2022 онд 34217, 2023 онд 32535 орж ирж байсан. Харин энэ онд тус тоо 1.8 дахин өсчээ.
Нэг талдаа иргэдийн худалдан авалт муу байна гэж байгаа ч нөгөө талдаа татан авалт сайн байна гэсэн үг.
БОРЛУУЛАЛТ МУУ УЧИР ҮНЭ БУУХ БОЛОМЖГҮЙ
Автомашины хамгийн том эргэлтийн цикл гэгддэг "Да Хүрээ" захад бүтэн өдөржин зогссон ч машин сонирхох хүн ховор ирэх тохиолдол олон гарч байгаа аж. Тавдугаар сараас худалдан авалт тодорхой хэмжээнд өсч, зуны дэлгэр цаг дөхөхөөр худалдан авагч ихэсдэг ч бэлэн мөнгөөр машин авах хүн байхгүй байгаа нь гол асуудал болж.
Мөн сүүлийн үед хүмүүс хэт өндөр үнэтэй орж ирсэн машин гэхээс илүүтэй он дээгүүр, хэрэглээний сэв багатай, шинэвтэр машин авахыг чухалчилдаг болсон байна.
Тиймээс ченжүүд дамлаж зарах, хуучин машинд багахан засвар хийж байгаад 3, 4 сая төгрөг нэмээд зарах нь ашигтай ч хэлсэн. Ямартай ч шинэ автомашины үнэ буурахгүй байгаа нь борлуулалттай холбоотой аж. Тиймээс хэсэгтээ л машины үнэ буурахгүй гэсэн юм.