Америк орон руу зорчсон нь - 1
Нийтлэл

Эрх чөлөөний орон гэгдэх АНУ руу олон авиа компанийн нислэгүүдээр нисэж болно. Энэ дундаас хамгийн хямд сонголт нь United Airlines-ийн УБ-Бээжин-СанФранциско гэсэн маршруттай нислэг. Хүмүүс бол янз янзаар л нисдэг юм байна. Манай МИАТ компани америкийн Юнайтед Эйрланзтай хямд тарифын гэрээтэй юм билээ.
Солонгосоор дамжаад Кореан Эйр-ийн нислэг мөн Японоор дамждаг нислэгүүд үнэтэй байсан. Онгоцны үйлчилгээ, хоол, тав тух, нислэгийн сэтгэл ханамж зэрэг бүх л талаараа тун дажгүй.
Миний хувьд нислэгийн тийзээ хаашаа ч явсан БизТравел (11334400) компаниас байнга авдаг.
Ингээд УБ-Бээжин-СанФранциско-Сиэттл гэж авахад ирж очих 2 талын нислэгийн нийт үнэ нь 730 орчим ам.доллар (тухайн ханш 2600төг) болсон. Нислэгийн тийзээ захиалахдаа мэдээж эрт захиалбал хамгийн хямд. Ер нь хүрэх газраа олон нислэг дамжиж очвол тасалбар хямдардаг ажээ. Нислэгийн тийз харах, захиалахтай холбоотой бас нэгэн зүйлийг хэлэхэд momondo.com юм уу expedia.com гэх мэт сайтуудаар нислэгүүдийн боломж, хуваариудыг харж нислэгээ сонгочих хэрэгтэй.
За, тийзээ захиалчихлаа. Одоо онгоцоор нисэхдээ хэрхэн тухтай нисэх вэ, юу бэлдвэл дээр вэ.
АНУ руу нисэх нислэг бол (12-14 цаг орчим) маш урт нислэг. Тиймээс олон цагийн, урт нислэгийн бэлтгэлтэй онгоцондоо суух хэрэгтэй. Онгоцон дотор нисч байхад сэрүүцэх юм уу, даарна уу л гэхээс биш халууцна гэж хэзээ ч байдаггүй. Тиймээс хувцсаа сайн бодож өмсөх хэрэгтэй. Зузаан даавуун урт оймс, биед бариу биш бэлтгэлийн өмд, юүдэнтэй бэлтгэлийн цамц өмсвөл биед эвтэйхэн.
Онгоцонд оронгуут суудал дээр чинь өмсөх таавчик бэлэн байгаа. Нислэгийн туршид гутлаа тайлбал биед амар, бас тухтай. Өндөрт хүн шингэнээ хурдан алддаг учраас нислэгийн турш усыг бага багаар уух хэрэгтэй. Тэгээд бие засах үедээ 00 орчихоод шууд суудалдаа суухын оронд жаахан алхаж биеийн чилээгээ гаргах хөдөлгөөн хийвэл зүгээр.
Хөгжим сонсмоор байвал iphone-ийн чихэвч нтр онгоцны нүргэлсэн чанга дууг хэзээ ч хааж чаддаггүй. Тиймээс дуу тусгаарладаг, чихийг бүрэн тагладаг том чихэвчүүд зүгээр. Нүдний хаалт болон онгоцны дэр 2 бол тухайн хүн яаж, ямар байдлаар унтахад эвтэйхэн байдгаас л шалтгаалах байх. Жишээ нь би нүдний хаалт зүүхээр тухгүй санагдаад унтаж чаддаггүй. Тиймээс нүдний хаалт, дэр хоёрыг заавал хэрэгтэй гэж хэлмээргүй байна.
Хэрвээ та гар тээш ихтэй явж байгаа бол онгоц руугаа хүлээж байгаад бүр сүүлд нь ороод дэмий. Учир нь гар тээшний бүхээгүүд дүүрчихсэн байх магадлалтай байдаг. Харин гар тээшгүй, сул явж байгаа бол оочерлож зогсох шаардлагагүй бүр сүүлд орсон нь зүгээр. Учир нь заримдаа онгоц хоосон суудлуудтай нисэх үе гардаг.
Тэгээд та хамгийн сүүлд оронгуут хүмүүс бүгд суудалдаа суучихсан байх учир хаана сул суудлууд байна гэдгийг тэр дор нь харж болно. Азаар 3 суудал нь хоосон эгнээ ч таарах юм билүү хэн мэдлээ, тэгвэл ч...Ер нь Америк нисэх нислэгт ийм аз тун ховор л доо.
Зиа, ингээд сайхан тухтай нисээд АНУ-д буучихлаа шүү дээ. Хил, гаалийн шалгалтын хувьд СанФранциско-гийн нисэх буудал нилээн оочер ихтэй, тэгэхдээ хурдан шуурхай, сайн шалгадаг юм байна лээ. Лос-Анжелос, Чикаго нисэх буудал харин арай гайгүй гэж дуулсан шүү.
За тэгээд онгоц буух дөхөөд ирэнгүүт онгоцны үйлчлэгч нар гаалийн декларацны хуудас өгнө. Үүн дээр заавал үнэнээр бичиж байх хэрэгтэй шүү. Манайхан зарим нь ачаандаа ааруул цагаан идээтэй явж байсан ч гэсэн декларацны форм дээр Animal/Dairy Products гэсэн хэсэг дээр No гээд дугуйлчихдаг. Тэгээд ачаагаа шалгуулаад ааруул гарч ирээд гаалийн хянах ажилтнууд нь мэдэх юм бол АНУ руу орж чадахгүй буцах нөхцөл байдал ч үүсэж мэднэ шүү. Хил дээр биднээс юү ч асуусангүй шууд 180 хоног дараад өглөө. СанФранциско дээр ачаа тээшээ хүлээн аваад 5 цаг орчим хүлээгээд Сиэтлл хот руу 3 цаг орчим нисэж буулаа.
Миний бие Америк оронд 3 дахь удаагаа хөл тавьж байна. Хүнд төрсөн анхны сэтгэгдэл дараа нь төрөх бодол санааны үргэлжлэл байдаг гэдэг. Үнэхээр ч Америк орон, америк түмэн бусдаас өөр юм. Үзсэн харсан юм бүхэн, уулзсан ярилцсан хүн бүр өөр сэтгэгдэл, ондоо бодлыг төрүүлэх.
Тухайлбал хүмүүсийн эгэл хэв маяг нь миний сэтгэлийг хамгийн их татдаг. Та гадаадын иргэн байна уу, Ази хүн байх нь америкчуудад огт сонин биш. Америкчууд өөр хоорондоо яаж эелдэг харилцдаг, тийм байдлаараа л тантай харилцана. Хэзээний танилууд шиг сайхан инээнэ, эртний найзууд мэт үнэн сэтгэлээсээ тусална.
Гадаад хүнд бол илүү тусч байдаг нь олон жишээнээс харагддаг. Ийм эгэл хэв маяг Америк орныг чимдэг ажээ. Үүнд нь гадны олон зочид, жуулчид ч татагдах аж. Сургууль, коллежид нь суралцлаа ч найрсаг сэтгэгдэл өөрийн эрхгүй төрнө. Зарим оронд бол оюутнууд нь уугуул, суугуулаараа ялгарчихдгаас болж гадуурхагдсан мэт мэдрэмж гадны бидэнд төрөөд хэцүү л байдаг. Тэгвэл Америкт тийм зүйл үгүй. Хичээлд суусан өдрөөсөө л ангийн оюутнуудынхаа сайн найз нь болж, энэ сургуулийн нэг эд шүү гэдгийг багш нараас нь мэдэрч эхэлсэн, угаасаа америк залуус өөрсдөө удирдаад, чиглүүлээд явчихдаг тухай хойд Дакотагийн Диккинсоны их сургуулийг 5 жил сурч төгссөн охин минь ярьж өглөө.
Ардчилал бол хариуцлага гэдэг. Тэгвэл Америкт хариуцлагын мөн чанарыг бүрэн утгаар нь ойлгоно. Хууль бол заавал дагаж мөрдөх хэм хэмжээ гэдгийг иргэд нь маш сайн ухамсарладаг учраас хийх үйлдэл болоод хэлэх үг нь хүртэл зөв зохистой.
Уугуул иргэд нь ийм ёс журамтай байхад суурьшихаар очсон хэнбугай ч тогтсон журмыг зөрчиж яахан зүрхлэх билээ. Харин ч ёсыг нь дагаж, усыг нь уух бүртээ америк мөн чанарыг илүү ойлгож, америк хэв маягт улам уусдаг аж.
Хамгийн наад захын жишээ бол төрийн далбаа мандуулах зан заншил. Энэ нь Америкт соёлын хэмжээнд хүртлээ хөгжсөн. Зарим нэг баяр ёслолд зориулан мандуулах бус жилийн 4 улирлын турш гэр, байрандаа мандуулдаг жаяг нь бидний үлгэрлэж авах нэг чухал соёл юм шиг санагдлаа. Өнгөц харахад энэ нь зөвхөн америк иргэдэд хамаатай уламжлал мэт боловч Америк оронд суурьшсан гадаадын иргэн, айл өрхүүдийн түгээмэл мөрддөг зан үйл болон өргөжин хөгжжээ.
Хүний газар очсон Монголчууд маань нутаг орноо санагалзах нь цөөнгүй ба нэг хэсэг нь дуу сонсч, кино үзэн тайвширдаг бол нөгөө бүлэг нь Америк орны сайхантай танилцаж ажиллаж, аялах. Ингэж аялах нь цаанаа утга жанцантай. Учир нь Монгол улстай төсөөтэй олон зүйл Америкт байдаг. Газрын тогтоцын хувьд Пеннсилван, Колорадо, Юта мужийн байгаль нь яалт ч үгүй Монголыг маань санагдуулна.
Сүрлэг том хадан уулуудыг нь харахаар Алтайн уулс, Хангайн нуруу байна гэж андуурам. Делавэйр, НьюЖерсийн нуур цөөрөм, ой сөөг нь Хан Хэнтийн их тайга, Тужийн нарсын ой шугуй гэж эндүүрмээр. Техасын хээр тал нь бол бараг л говио говь. Тэгвэл монголчуудтай ижил талтай чанар америк хүмүүст бас байна шүү. Ялангуяа жижиг хотуудын иргэдэд, хөдөө нутгийн улсуудад. Нүүдэлчин уламжлалтай бид ямар ч нөхцөл байдалд дасан зохицох ховор чадвартай улс. Америкчуудад ч гэсэн ийм чанар бий. Онгоцны буудал байна уу, гудамж талбайд байна уу хамаагүй, хөлөө жийгээд л газар тухалчихна. Сургууль, дэлгүүрийн алинд ч бай гэрийнхээ хувцсаар л гангарна. Хуучин углааш, шинэ өмд гэж ялгаж салгаад сүйд болдоггүй хээгүй зантай. Америк, Монгол улс хол ч гэлээ олон зүйлд ойр чанар байнаа байна.