Олон улсын бартаат замын авто ралли Монголд болж байна

Монгол Улс, Оросын Холбооны Улсын нутаг дэвсгэрийг дамнасан “Торгоны зам 2024” /Silk Way Rally/ олон улсын бартаат замын авто уралдаан энэ сарын 9-14-нд Монголд болж байна. 2009 оноос хойш зохион байгуулж буй энэ уралдаан 40 гаруй орны тамирчид, 350 гаруй техник хэрэгсэл, 1000 гаруй төлөөлөл оролцдог. “Дакар ралли”-гийн дараа орох, тэсвэр тэвчээрийн шалгуур, эр зоригийг шаардсан бартаат замын уралдаан аж.
Монгол Улсын нутаг дэвсгэрийг дамнан, хоёр дахь удаагаа зохион байгуулаж буй энэ уралдаан ОХУ-ын Томск хотоос эхэлсэн. Оролцогч, зохион байгуулагчид өчигдөр Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтоор манай улсад орж ирлээ. Уралдаан өнөөдөр Ховд аймгийн нутаг дэвсгэрт үргэлжилж байна. Тэд Говь-Алтай, Баянхонгор, Дундговь аймгийн нутгийг дайран, Улаанбаатар хотод барианд орох юм.
Энэ жилийн “Торгоны зам 2024” олон улсын авто уралдааны ихэнх хэсэг нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр болж байгаагаараа онцлог юм.