Америк орон - 2
Нийтлэл

Админ миний бие Америк оронд 3 дахь удаагаа хөл тавьж байна. Хүнд төрсөн анхны сэтгэгдэл дараа нь төрөх бодол санааны үргэлжлэл байдаг гэдэг.
Үнэхээр ч Америк орон, америк түмэн бусдаас өөр юм. Үзсэн харсан юм бүхэн, уулзсан ярилцсан хүн бүр өөр сэтгэгдэл, ондоо бодлыг төрүүлэх.
Тухайлбал хүмүүсийн эгэл хэв маяг нь миний сэтгэлийг хамгийн их татдаг. Та гадаадын иргэн байна уу, ази хүн байх нь америкчуудад огт сонин биш. Америкчууд өөр хоорондоо яаж эелдэг харилцдаг, тийм байдлаараа л тантай харилцана. Хэзээний танилууд шиг сайхан инээнэ, эртний найзууд мэт үнэн сэтгэлээсээ тусална. Гадаад хүнд бол илүү тусч байдаг нь олон жишээнээс харагддаг. Ийм эгэл хэв маяг Америк орныг чимдэг ажээ. Үүнд нь гадны олон зочид, жуулчид ч татагдах аж.
Сургууль, коллежид нь суралцлаа ч найрсаг сэтгэгдэл өөрийн эрхгүй төрнө. Зарим оронд бол оюутнууд нь уугуул, суугуулаараа ялгарчихдгаас болж гадуурхагдсан мэт мэдрэмж гадны бидэнд төрөөд хэцүү л байдаг. Тэгвэл Америкт тийм зүйл үгүй. Хичээлд суусан өдрөөсөө л ангийн оюутнуудынхаа сайн найз нь болж, энэ сургуулийн нэг эд шүү гэдгийг багш нараас нь мэдэрч эхэлсэн, угаасаа америк залуус өөрсдөө удирдаад, чиглүүлээд явчихдаг тухай хойд Дакотагийн Диккинсоны их сургуулийг 5 жил сурч төгссөн охин минь ярьж өглөө.
Ардчилал бол хариуцлага гэдэг. Тэгвэл Америкт хариуцлагын мөн чанарыг бүрэн утгаар нь ойлгоно. Үгүй, тийм байхыг танаас хэн ч шахаж шаардахгүй. Тийм байх ёстой юм байна гэдгийг өөрөө л ойлгож авдаг. Хууль бол заавал дагаж мөрдөх хэм хэмжээ гэдгийг иргэд нь маш сайн ухамсарладаг учраас хийх үйлдэл болоод хэлэх үг нь хүртэл зөв зохистой. Уугуул иргэд нь ийм ёс журамтай байхад суурьшихаар очсон хэнбугай ч тогтсон журмыг зөрчиж яахан зүрхлэх билээ. Харин ч ёсыг нь дагаж, усыг нь уух бүртээ америк мөн чанарыг илүү ойлгож, америк хэв маягт улам уусдаг аж. Хамгийн наад захын жишээ бол төрийн далбаа мандуулах зан заншил. Энэ нь Америкт соёлын хэмжээнд хүртлээ хөгжсөн.
Зарим нэг баяр ёслолд зориулан мандуулах бус жилийн 4 улирлын турш гэр, байрандаа мандуулдаг жаяг нь бидний үлгэрлэж авах нэг чухал соёл юм шиг, Альфард Лаакшири клубын логонд төрийн алтан Соёмбоо оруулж өгсөн нь одоо бодох нь ээ зөв юм шиг санагдлаа. Өнгөц харахад энэ нь зөвхөн америк иргэдэд хамаатай уламжлал мэт боловч Америк оронд суурьшсан гадаадын иргэн, айл өрхүүдийн түгээмэл мөрддөг зан үйл болон өргөжин хөгжжээ. Энэ нь Америк орны талаарх тэдний дотоод сэтгэлийн гадаад илрэл байдаг.
Хүний газар очсон монголчууд маань нутаг орноо санагалзах нь цөөнгүй ба нэг хэсэг нь дуугаа сонсч, киногоо үзэн тайвширдаг бол нөгөө бүлэг нь Америк орны сайхантай танилцаж ажиллаж, аялах. Ингэж аялах нь цаанаа утга жанцантай. Учир нь Монгол улстай төсөөтэй олон зүйл Америкт байдаг. Газрын тогтоцын хувьд Пеннсилван, Колорадо, Юта мужийн байгаль нь яалт ч үгүй Монголыг маань санагдуулна. Сүрлэг том хадан уулуудыг нь харахаар Алтайн уулс, Хангайн нуруу байна гэж андуурам. Делавэйр, НьюЖерсийн нуур цөөрөм, ой сөөг нь Хан Хэнтийн их тайга, Тужийн нарсын ой шугуй гэж эндүүрмээр. Техасын хээр тал нь бол бараг л говио говь. Нутаг орны тухайд байгалийн тогтоцын хувьд ийм байх байж.
Тэгвэл монголчуудтай ижил талтай чанар америк хүмүүст бас байна шүү. Ялангуяа жижиг хотуудын иргэдэд, хөдөө нутгийн улсуудад. Нүүдэлчин уламжлалтай бид ямар ч нөхцөл байдалд дасан зохицох ховор чадвартай улс. Америкчуудад ч гэсэн ийм чанар бий. Онгоцны буудал байна уу, гудамж талбайд байна уу хамаагүй, хөлөө жийгээд л газар тухалчихна. Сургууль, дэлгүүрийн алинд ч бай гэрийнхээ хувцсаар л гангарна. Хуучин углааш, шинэ өмд гэж ялгаж салгаад сүйд болдоггүй хээгүй зантай. Америк, Монгол улс хол ч гэлээ америк, монгол түмэнд ойр чанар байнаа байна.
Үргэлжлэл бий...