Автомашиндаа алдаатай улсын дугаар зүүсэн жолоочийг 50 мянган төгрөгөөр торгов
Мэдээ

Цахим сүлжээнд иргэн “Ямар их цэнхэр дугаар харагдаж байна. Овоо их тараажээ гээд шалгахад хар өнгийн тээврийн хэрэгслийн өнгө нь мөнгөлөг байна” гэх агуулга бүхий мэдээллийг энэ сарын 18-ны өдөр нийтэлжээ.
Энэ дагуу Тээврийн цагдаагийн албанаас шалгахад Засгийн газрын Автобааз ТӨҮГ-ын эрх бүхий албан тушаалтан нь байгууллагын тээврийн хэрэгслийн улсын дугааруудыг цэнхэр дэвсгэртэйгээр солиулах үедээ “УБҮ” гэх тэмдэглэлийг “УНҮ” гэж алдаатай бичиж хүргүүлэн, хэвлүүлсэн.
Уг алдаатай хэвлэсэн улсын дугаарыг тээврийн хэрэгсэлд зүүн замын хөдөлгөөнд оролцуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 56 дахь хэсгийн 2-д заасныг зөрчсөн нь тогтоогдсон байна.
Зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах эрх бүхий албан тушаалтнаас дээрх зөрчлийн холбогдогчид 500 нэгжтэй тэнцэх 500,000 төгрөгөөр торгох, уг тээврийн хэрэгслийн улсын дугаар алдаатай хэвлэгдсэнийг мэдсээр байж жолоодон замын хөдөлгөөнд оролцсон жолоочид 50 нэгжтэй тэнцэх 50,000 төгрөгөөр торгох, жолоодох эрхийг 3 сарын хугацаагаар хасах шийтгэлийг тус тус оногдуулсан байна.
Эх сурвалж: ЦЕГ