О.Гал-Очир - Эмартын пиццаг задалъя.
Нийтлэл

Эхлэхээсээ өмнө хэн нэгний үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнийг зүгээр л хор худалдан авч байна, генийн өөрчлөлттэй гэх мэтээр эмч хэмээх мэргэжлийнхээ үүднээс дүгнэж огт болохгүй.
Миний бухимдаад байгаа асуудал бол пицца бол хүнс, хүнс хүнсдээ маш олон үйлдвэрлэгчийн гайхалтай бүтээгдэхүүнүүдээс цогцолсон хүнс. УХТЭ-ийн эрхэм П. Долгормаа эмч үүнийг заавал уншаарай.
Пиццаны гарал үүсэл мүүсэл өнөөдөртөө нэг их сонин биш учир шууд гол ажилдаа оръё.
1. Гурил
Орц найрлага дээрээ буудайн гурил БГ-055 гэж тавьжээ, маш сайн байна. Мэргэжлийн байна. БГ гэдэг нь буудайн гурил гэсэн үгний товчлол бөгөөд 055 гэдэг тоо нь үнслэгийн хэмжээг илэрхийлдэг, манайхаар дээд гурил гэсэн үг. Энэ тоо багасах тусам гурил илүү цайрдаг бөгөөд уургаар баялаг байдаг онцлогтой. Сайхан цагаан гурилаар л амттай пицца хийх нь тодорхой.
Хүн гурил идэж хэрэглэх шаардлага гэвэл агуулагдах цардуулаас нь амьдрахад шаардагдах хамгийн гол энергиэ нөхөж авдаг. Тиймээс гурил баба гээд байж болохгүй.
2. Бяслаг
Бяслагны төрлөө бичээгүй байгаа ч бяслаганд моцарелла төрлийн бяслаг хэрэглэдэг. Бяслаг өөрөө сүүн бүтээгдэхүүн, бүр тодруулбал сүүний уургийг ферментээр тунадасжуулан хийсэн өвөрмөц бүтээгдэхүүн. Энэ нь сүүний уургаар болон кальцийн маш өндөр агуулгатай тул хоол хүнсээрээ дамжуулан авах нь маш зөв.
3. Улаан лоолийн нухаш
Улаан лоолийн нухаш нь Solanum lycopersicum ургамлын жимс буюу бидний мэддэгээр улаан лоолийг нухашлаж хийсэн нэгэн төрлийн бүтээгдэхүүн. Энэ нь пиццаны үндсэн бүрэлдэхүүн болохоос гадна өөр маш олон төрлийн хоолны жоронд ордог.
Улаан лоолины нэг онцлох агуулга бол тод улаан өнгийн ликопен хэмээх каротиноид нүүрсустөрөгч. Энэ бодис нь судасны өөх тосны хэмжээг бууруулах, цусны даралт бууруулах ач холбогдолтой гэдгийг судалгаагаар тогтоочихож. Бүүр ликопенийг нь ялгаж аваад улаан өнгийн будагч бодис ч болгон хэрэглэдэг, код нь E160d.
4. Үхрийн мах
За үүн дээр л генийн өөрчлөлт мөөрчлөлт ярьдаггүй юм бол өөр юун дээр ч ярих вэ дээ. Ер нь генийн өөрчлөлттэй холбоотой асуудал бол генийн инженерчлэл, шинжлэх ухааны хөгжлийн асуудал байдаг. Уламжлалт үржил селекцийн арга бол генийн өөрчлөлтийн л нэг хэлбэр, түүнээс генийг нь өөрчлөөд хадны мангаа болоод байгаа юм байхгүй гэдгийг мэргэжлийн эмч хүн хэлж өгөх л ёстой, түүнээс айлгаад байх хэрэггүй.
Үхрийн махны хэрэгцээ бол уургийн хэрэгцээ, ханасан болон ханаагүй тосны хэрэгцээ, эдгээрийг дагаад үл орлогдох аминхүчлүүд болон тосны хүчлийн хэрэгцээг биед өгдөг ашиг тустай.
5. Гахайн утсан мах
Гахайн утсан мах нь утаж давсалсан, боловсруулалт хийгдсэн нэг төрлийн л махны эх үүсвэр. Гахайн махыг яаж ч муучилж ярьж байсан дэлхий нийтээрээ л гахайгаар хооллож амьдарч байна. Хог хаягдал иддэг мэтээр манайхан их ярьдаг.
Ашиглагдаагүй үлдсэн хоол хүнсний үлдэгдлийг боловсруулан гахайг тэжээдэг, хурдан үрждэг, тэр хэрээрээ олдоц ихтэй байдаг тул гахайн мах болон гахайн махан бүтээгдэхүүн найдвартай, хямд үнэтэй уураг, тосны эх үүсвэр болдог.
6. Амтат чинжүү
Capsicum annum буюу бидний мэдэх амтат чинжүү бол хоолонд өнгө, өвөрмөц сайхан амт оруулдаг маш сайхан ногоо. Амтат чинжүүний найрлаганы нэг гайхагддаг бүрдэл бол аскорбины хүчил буюу С аминдэм. 100 гр амтат чинжүүнд С аминдэм 142мг буюу өдрийн зөвлөмж хэмжээний 171% агуулагддаг гэхээр бас л баавартай байгаа биз дээ.
Тэгээд пиццан дээр улаан, ногоон, шараар нь хэрэглэхэд пиццаг зүгээр л ургуулна дөө.
7. Сонгино
Allium cepa буюу сонгино бол хоолонд гайхалтай сайхан амт, үнэр оруулдаг хүнсний ногоо. Олон төрлийн фитохимийн бодисууд, флавоноид агуулдаг бөгөөд энэ нь тухайн өвөрмөц амт, үнэр, аагийг үүсгэдэг. Сонгиныг яагаад тосонд шардаг вэ гэхээр, шарах явцад сонгинод агуулагдах энгийн нүүрсуснууд карамельжиж, энэ нь дээрх бодисуудтай нийлж маш өвөрмөц, чихэрлэг сайхан амтыг үүсгэдэг.
8. Элсэн чихэр
Сахарын талаар бол тэгээд зөндөө ярьсан. Нэгдүгээрт амт, хоёрдугаарт нөөшлөгч, гуравдугаарт тэжээлт орчин болдог глюкоз, фруктозоос бүрдэх дисахарид хэмээх шим бодис. Энэ тохиолдолд пиццаны амтыг нэмэх зорилгоор жор орцонд орж.
9. Хиам
Нитрит хэмээх нөөшлөгч давсаар давсалсан энэ бүтээгдэхүүнийг ёстой тэгээд л амтай болгон шахуу л муулах юм. Махыг хадгалах шаардлагаас үүсч бий болсон өвөрмөц сайхан амттай энэ бүтээгдэхүүн бол тэгж их муулуулаад байхаар зүйл биш. Clostridium botulinum хэмээх эмгэг төрөгч маханд үржихээс сэргийлж нитрит хэрэглэдэг бөгөөд энэ нь махны уурагтай холбогдон улаан өнгийн пигмент үүсгэдэг.
Хоолонд сайхан амт, өвөрмөц өнгө төрх нэмдэг сайхан бүтээгдэхүүн. Шарахаар хорт хавдар үүсгэдэг гэж яриад байгаа нөхдөд хэлэхэд хиамыг чинь угаасаа шарж хийдэг гээд зөрүүлээд зөвлөчихмөөр санагддаг.
10. Мөөг
За мөөгийг хамгийн товчхоноор хэлэхэд амьтны бус уургийн эх үүсвэр. Уургийг зөвхөн махны хэрэглээнээс авах бус мөөгөөр орлуулсан ч болно. Уургаас гадна олон төрлийн макро болон микро эрдэс, аминдэм, биологийн өндөр идэвхит нэгдлүүд агуулдаг, дээрээс нь өвөрмөц сайхан амттай болохоор л энэ пиццаны орцонд орж.
11. Чидун жимс
Олив гэхээр илүү сайн мэдэх байх. Олив буюу чидун жимсийг тос гарган авахад ашиглахаас гадна хоолны жоронд ч хэрэглэдэг. Чидун жимс нь байгалиасаа маш гашуун байдаг бөгөөд үүнийг маш олон төрлийн исгэх, боловсруулах арга хэрэглэж өвөрмөц амттай болгон хүнсэнд хэрэглэдэг.
Оливийн тос эрүүл мэндэд сайн гээд байдаг хэрнээ түүгээр нь пицца чимэглэчихээр, амталчихаар тэгээд муулаад байхгүй юм байгаа биз дээ.
12. Ургамлын тос
Ургамлын тоснууд нь ханаагүй тосны хүчлүүдээс тогтдог шингэн төрлийн тоснууд. Энэ бүтээгдэхүүний зуурмагийн тэжээллэг чанар, биет байдлыг нэмэгдүүлэх зорилгоор хийсэн гэж бодож байна. Мөн пиццагаа листтэй нь наачихгүйн тулд тослож л таарна, энгийн логик.
13. Хуурай сүү
Пиццаны гурилын зуурмагийг мөн л хөвсгөр зөөлөн, сайхан амт үнэртэй болгоход сүү тусладаг. Яагаад гэвэл сүүнд уураг маш өндөр агуулагдаж байдаг, энэ нь гурилын цардуултай Майллардын урвал хэмээх өвөрмөц урвалд орж тийм гоё амт, үнэр, өнгийг үүсгэдэг.
Тэгэхээр одоо сүүгээр яагаад гурил зуурдаг вэ гэдгийг мэдэж авлаа шдээ.
14. Хатаасан дрожжи
Гурил бол тэр цардуул хэмээх полисахаридаас бүрддэг. Энэ нь зуурах явцад зарим хэсэг нь энгийн сахар болон задарч, үүнийг нь Saccharomyces cerevisiae хэмээх мөөгөнцөр нүүрсхүчлийн хий болон этанол болгон задладаг. Нүүрсхүчлийн хий үүссэнээр зуурмаг хөөж сийрэгжинэ гэсэн үг.
Хэрвээ сийрэгжихгүй бол пицца онцгүй болохоос гадна гурил түүхийрнэ ээ гэсэн үг. Дрожжи ихэдвэл хорт хавдар мавдар үүснэ, бие нь дэлбэрч үхнэ гэдэг буруу хойшоо нөхдүүд ч их, зүгээр мөөгөнцөр идэж байгаагаа ч ойлгохгүй.
15. Чанаржуулагч Е472е
За бичээд дуусахын алдад ёстой сонирхолтой сэдэв рүү ороод ирлээ. Пээ энэ Е мартын пиццаг чинь Е-тэй болохоор нь адлаад байгаа юм биш биз дээ.
Е472е бол моно болон диглицеридийн гаралтай, зуурмагт эмульс үүсгэгчээр хэрэглэдэг хүнсний зөвшөөрөгдсөн нэмэлт. Үүнийг зуурмагт хийснээр гурилын цавуулгийн чанар сайжирч маш сайхан хөвсийж исэх нөхцөл бүрддэг.
Үлээдэг бөмбөлөг төсөөл дөө, бөмбөлгийн материал сайн бол хагарахгүйгээр маш том үлээгдэж чадна, хэрвээ муу бол хагарчихна. Тэгэхээр цавуулаг гэдгийг бөмбөлгийн материал юм байна аа гээд ойлгоод авчихвал дээр.
За тэгээд моно, диглицеридүүд нь тосноос гаралтай тул химийн бодис гээд эмзэглээд, айгаад байх шаардлагагүй.
16. Чанаржуулагч Е1100
Е кодтой болгон химийн бодис байдаггүй юм аа гэдгийг харуулах хамгийн сайхан жишээ бол энэ хүнсний нэмэлт. Амилаза хэмээх шүлсэнд болон нойр булчирхайнаас ялгардаг фермент.
Үндсэн үүрэг нь том молекулт нүүрсусыг жижиг молекулт нүүрсус болгон задлах үүрэгтэй. Гахайн нойр булчирхайнаас болон хөгц мөөгөнцөр үржүүлж амилаза ферментийг ялгаж аваад үүнийг Е1100 кодтой хүнсний нэмэлт болгон хэрэглэдэг.
Пиццанд яагаад хэрэглэсэн бэ гэж үү, амилазаг зуурмагт нэмснээр цардуулыг задлаж энгийн нүүрсусыг илүү их үүсгэснээр хөөлт эрчимждэг. Хатаамал дрожжинуудад идэх хоолыг нь бэлдэж өгч байна аа гэсэн үг. Пиццаны гурил хөвсийсөн, гоё байдаг нь ийм учиртай.
ДҮГНЭЕ
За би бичихэд бас хөөрхөн их хугацаа зарцууллаа. Харин үүнийг бүтээгдэхүүн болгож хийхэд хичнээн хүний хөдөлмөр, ямар их цаг хугацаа зарцуулагдсан бол. Үүнийг нь зүгээр л Емартын пицца хортой, хор худалдан авч байна гэж амныхаа зоргоор ярих хэрэггүйм.
Мөн маш олон шим бодис агуулсан хүнсний түүхий эдүүдийг нэг дор цуглуулсан хоол байна. Мах гурилаар хийсэн лавшаанаас илүү олон шим бодисууд, эрдэс, аминдэмийн хэрэгцээг өгөхөөс гадна амтны гайхамшиг, сэтгэл ханамжийг мэдрүүлж чадна.
Аан харин байнга хэмжээгүй чихээд байвал аль нь ч муу болно шүү
Е мартын энэхүү пиццаг хийдэг хамт олон ч дор дор нь иймэрхүү яриануудад залруулга мэдэгдэл хийх хэрэгтэй. Хүнсчид бид л хүнсээ хамгаалж, зөв тайлбарлахгүй бол эмч нар бидний өмнөөс хийхгүй шүү.
За за бичсээр байтал уур ч гарчихлаа
Хүнсний Инженер О. Гал-Очир