"Машин зогсох боломжгүй болгосон зогсоолуудад ногоон байгууламж хийнэ"
Мэдээ

Төв зам дагуух зарим авто зогсоолыг хааж, торхтой моднууд тавьсан хэсгийг ногоон байгууламж болгох юм байна.
Энэ талаар НЗД-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар "Нийтийн тээврийг хугацаандаа хүртээмжтэй явуулдаг болгохоор замын хөдөлгөөний зохион байгуулалтын арга хэмжээ авч байгаа.
Энхтайваны өргөн чөлөө дагуу автомашины зогсоолуудад хаалт тавьсан. Нийтийн тээврийн зорчигчдын 30 гаруй хувийг зөөвөрлөдөг уг хэсэгт нэгдүгээр эгнээг чөлөөлсөн ч хажуугийн зогсоол руу орсон тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд саад учруулдаг гэсэн судалгаа байдаг.
Бодит байдал дээр эдгээр зогсоол иргэдэд хэрэгцээтэй биш. Тухайн зогсоолын ойр орчмын айл өрх, албан байгууллагуудын ажилтнууд машинаа тавьчихдаг учир өглөө эрт ирсэн азтай хүний зогсоол болдог. Тиймээс эдгээр зогсоолыг ногоон байгууламж болгоно. Автомашин зогсоохгүй. Нийслэлийн Бодлогын Судалгаа, Шинжилгээний Төвөөс гаргасан судалгаагаар хотын төв хэсэгт автомашинаас ялгарч байгаа хүнд металлын бохирдол ялангуяа хүүхдийн эрүүл мэндэд хохирол учруулж байна.
Сүүлийн арван жилийн хугацаанд автомашины тоо нэмэгдэж, 612,369 болсон. Автомашины тоо нэмэгдэж байгаа ч замын сүлжээний өсөлт 1.8%. Тиймээс нийтийн тээврээ сайн хөгжүүлэхгүй бол замын түгжрэлээс салахгүйг мэргэжилтнүүд хэлж байгаа юм" гэв.
Тээврийн хэрэгслийн эзэмшигч нь тодорхой бус, тухайн байршилд удаан хугацаанд байсан тээврийн хэрэгслийн мэдээллийг 93020111 дугаарын утсанд хүлээн авч байгаа аж.