2024 онд хиймэл оюуны салбар хамгийн их хөрөнгө оруулалт татахаар байна
Мэдээ

Хиймэл оюуны хэрэглээ өсөхтэй зэрэгцэн кибер аюулгүй байдлын санхжүүжилт нэмэгдэх төлөвтэй.
Хэдийгээр 2023 онд геополитикийн асуудлууд даамжирч, эдийн засаг тогтворгүй байсан ч технологийн салбарт хөрөнгө оруулалт эрс нэмэгдэж, шинэ нээлтээр дүүрэн байсныг “Verdict” судалгааны байгууллага онцоллоо.
Түүнчлэн тус байгууллагаас 2024 онд хамгийн их хөрөнгө оруулалт татах технологийн таван чиглэлийг тодорхойлсон байна. Тухайлбал: хамгийн түрүүнд хиймэл оюуныг онцолжээ. Хиймэл оюуны зах зээл 2030 он гэхэд 908.7 тэрбум ам.доллар хүрнэ гэж “GlobalData” компани тооцоолсныг онцолж байна. Ялангуяа 2023 онд генератив хиймэл оюуны хэрэглээ эрс өссөн нь цаашид ч үргэлжилж, бүх салбарт нөлөөллөө нэмэгдүүлнэ гэж шинжээчид үзэж байгааг тодотгосон байна.
Харин хөрөнгө оруулалт ихээр татах дараагийн чиглэл нь үүлэн тооцоолол байх аж. 2027 он гэхэд үүлэн тооцооллын системийн зах зээл 1.4 их наяд ам.доллар хүрнэ гэсэн тооцоо гаргажээ.
Дараагийн гол чиглэл нь кибер аюулгүй байдал. Генератив хиймэл оюуны хэрэглээ өсөхтэй зэрэгцээд кибер халдлагын эрсдэл нэмэгдэж байгаа бөгөөд 2030 он гэхэд кибер аюулгүй байдлын компаниудын орлого 344 тэрбум ам.доллар хүрэх төлөвтэй байгаа аж.
Жагсаалтын дөрөвдүгээр болон тавдугаар байрт робот технологи болон “IoT” бичигдэж байна. 2030 онд робот технологийн зах зээл 218 тэрбум ам.доллар хүрнэ гэж тооцоолжээ. Харин “IoT” буюу юмсын интернэтийн зах зээл 2027 он гэхэд 1.2 их наяд ам.доллар хүрэхээр байгаа юм байна.
Х.Солонго