Цэцэгт байцаа - Брокколи
Нийтлэл

Нарийн ногоо идээрэй гэж хэн нэгэн хэлбэл хамгийн түрүүнд санаанд ордог ногоо бол цэцэгт байцаа. Тэгвэл үүний тухай хэр сайн мэдэх бол?
Цэцэгт байцаа бол түүхийгээр нь болон чанаж, шарж, жигнэж хэрэглэж болдог хүнсний ногоо. Энэ ногоо нь шим тэжээлийн нягтын индексээр эхний 20 хүнсний түүхий эдийн жагсаалтад багтдаг С, А, К, В9 аминдэмүүд болон калийн маш сайн эх үүсвэр байдаг.
1. Цэцэгт байцаа нь ургамалзүйн Brassicaceae овогт хамаардаг цэцэглэдэг байцаа юм.
2. Брокколи нь Италиас гаралтай бөгөөд нэр нь broccolo буюу байцааны цэцэглэдэг толгой гэсэн Итали үгнээс гаралтай. Ерөөсөө асар том цэцгийн баглаа л гэсэн үг.
3. Италичууд АНУ-д анх 1800-аад оны үед нэвтрүүлсэн боловч хэрэглээ нь бүүр сүүлд 1920-оод оноос дэлгэрч.
4. 100 гр брокколи нь нүүрсус 6гр, тос 0.3 гр, уураг 2.6 гр агуулдаг 31 ккал илчлэг бүхий хүнсний ногоо юм.
5. 100 гр брокколинд С аминдэм 81 мг буюу өдрийн зөвлөмж хэмжээний 90%-г хангах хэмжээтэй байдаг бөгөөд энэ нь жүржнээс их байдаг. С аминдэм бол хүчтэй антиоксидант.
6. 600 гаруй судлагаагаар брокколигийн найрлагад байх фитохимийн бодис болох сульфорафан нь хорт хавдрын эсрэг хамгийн үр дүнтэй бодис болох нь харагдаж, үүнийг АНУ-ын Жонс Хопкинсийн их сургууль патентлахыг оролдсон боловч тариаланчдын байгалийн гаралтай нэгдлийн өмчлөлийн заргыг дийлж чадалгүй бүтэлгүйтэж байж.
7. Брокколи тариалалтаар Хятадууд тэргүүлдэг бол Энэтхэг удаалж, Америкууд гуравдугаар байранд явдаг.
8. Ногоог үрээр тарьдаг бөгөөд боловсорч гүйцэхэд цаг уур, орчин, хөрснөөс шалтгаалж 70-140 хоног шаардагддаг.
9. Ургацыг хураах автомат машин байдаггүй бөгөөд зөвхөн гар аргаар, хутга ашиглан хураадаг.
10. Брокколи хадгалах хугацаа 21-28 хоног байдаг.
11. Брокколины дэлхий нийтийн хэрэглээ сүүлийн 25 жилийн хугацаанд 940% өссөн.
12. Хөлдөөсөн брокколи шим тэжээлээ маш бага алдаж болох боловч хөлдөөж хадгалах нь брокколиг удаан хадгалж хэрэглэх хамгийн том боломж байдаг.
Хэрвээ ажиглавал брокколин дээр маш олон дэлгэрч амжаагүй цэцэг байдаг. Тиймээс модтой зүйрлэх биш, баглаа цэцэгтэй зүйрлэх нь тохиромжтой санагддаг.
Хоол тэжээлээ солонгоруулаарай.
Махаа, ногоогоо, будаагаа солонгоруулж олон төрлөөр хэрэглэх нь хоол тэжээлийг улам сонирхолтой болгохоос гадна маш олон эрүүл мэндэд тустай бодисууд таныг мэдэхгүй байсан ч орж үүргээ гүйцэтгэж байдаг.
Зөвхөн махаа идээд л амьд яваад байж болно, тэр үед бид дунджаар дөнгөж 45 насладаг байсан гэдгийг мартаж болохгүй !!!
Хүнсний Инженер О. Гал-Очир