ОУВС: Хиймэл оюун дэлхийн нийт ажлын байрны 40 хувьд нөлөөлж болзошгүй
Мэдээ

Хиймэл оюун нь дэлхийн нийт ажлын байрны 40 орчим хувьд ямар нэгэн байдлаар нөлөөлөхөөр байгааг Олон Улсын Валютын Сан шинэ тайландаа онцоллоо.
Хөгжингүй орнуудын ажлын байрны 60 орчим хувь нь хиймэл оюуны нөлөөнд өртөж болзошгүй байгаа нь хөгжиж буй болон буурай хөгжилтэй орнуудтай харьцуулахад өндөр байгаа юм.
“Ихэнх тохиолдолд хиймэл оюун тэгш бус байдлыг улам дордуулах магадлалтай. Тиймээс бодлого боловсруулагчид үүнээс сэргийлэхийн тулд идэвхтэй арга хэмжээ авах ёстой” гэж ОУВС-ийн тэргүүн Кристалина Георгиева мэдэгдлээ.
Хиймэл оюун нь өндөр орлоготой ажилтнууд болон компаниудын бүтээмжийг нэмэгдүүлснээр хөрөнгийн өгөөж болон баялгийн зөрүүг нэмэгдүүлнэ гэж тэрбээр дурдсан байна. Тиймээс улс орнууд "нийгмийн хамгааллын иж бүрэн сүлжээ" болон эрсдэлд өртөж болзошгүй ажилчдыг сургах хөтөлбөр хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байгаа аж.
Хиймэл оюун нь зарим ажлын байрыг бүрэн орлох боломжтой ч хүмүүсийн ажлыг хөнгөвчлөх магадлал илүү өндөр байгааг дээрх тайланд мөн дурджээ.
С.Жаргалмаа