Дашзэвэг: Хол замд давхихдаа аюулгүй байх 5 дүрэм

Хэд хоногийн дараа “Наадмын өдрүүдэд зам тээврийн ослоор … хүн нас барлаа” гэсэн тоо мэдээ явна.
Тэр тоонд таны огт танихгүй хэн нэгэн, эсвэл таны таньдаг хүмүүс, магадгүй та болон таны хайртай хүмүүс ч байж мэднэ. Учир нь бид өөрсдөө хичнээн хичээсэн ч биднээс үл шалтгаалан хайхрамжгүй, бусдад хайргүй амин хувиа хичээгсдээс шалтгаалж тэр аймшигтай зүйлс болдог.
Гэхдээ бид тэр тоог багасгаж чадна, магадгүй бүр байхгүй болгож ч чадна.
Ядаж л өөрсдийгөө болон хайртай дотны хүмүүсээ хамгаалж чадна.
Тиймээс би хотоос гадагш замын хөдөлгөөнд оролцохдоо өөрийн баримталдаг, тогтмол хэрэгжүүлдэг хамгийн чухал гэсэн 5 дүрмийг хуваалцангаа нөхөрсөг зөвлөмж өгье!
1. ӨДРИЙН ЦАГТ машины ойрын гэрэл, эсвэл подвороо асааж явах.
Энэ маш чухал. Хурц нартай, бүрэнхий, бороотойд өөдөөс ирж яваа машин таныг анзаарахгүй байх нь цөөнгүй. Ялангуяа саарал, бараан өнгийн машинууд замын өнгө дагуу байдаг нь энэ эрсдлийг нэмэгдүүлдэг. Харин та өдрийн цагт ч ойрын гэрэл юмуу, подвороо асаасан байвал алсаас харагдана. Сүүлийн үеийн машинууд машин асахтай зэрэгцээд гэрэл автоматаар асдаг нь үүнтэй холбоотой.
2. ТҮР ЗОГСОЛТ.
Бие засах, хүүхдийн дотор муухайрч бөөлжих, түр зогсож цайлах, дугуй хагарах гэх мэт түр зогсох ямар ч тохиолдод замын хажууруу шахаж зогсож хэзээ ч болохгүй! Яаж ийж байгаад хамгийн ойрын замаас гарах боломжтой хэсгээр замаас гарч дор хаяж 50-100м зайд зогсож байгаарай. Энэ маш чухал шүү. Үүнийг л хэвшүүлж чадвал өөрсдийгөө эрсдлээс хамгаалж, тав тухтай бууж суухаас эхлээд бусдын хөдөлгөөнд ч саад болохгүй гээд олон давуу талтай.
3. ХАМГААЛАХ БҮС
Энэ бол хамгийн эхэнд тавигдах зүйл.
Хүмүүсийн нийтлэг гаргадаг хамгийн том алдаа нь зөвхөн урд сууж яваа хүмүүс л бүсээ зүгээд арын хүмүүсийг тэр чигт нь орхичихдог. Харамсалтай нь ард хүүхдүүд голдуу байдаг. Хүнд, хөнгөн ямар ч төрлийн ослын үед ард сууж яваа, бүсээ зүүгээгүй хүмүүс л хамгийн их хохирол амсдаг. Тиймээс ардаа сууж яваа бүх хүнийг бүсээ зүүсний дараа хөдөлгөөнөө эхэлж байгаарай. Одооноос эхэлж үүнийг зарчим, соёл болгоорой. Бүс зүүгээд хэвшчихвэл хол замд ядаж л биед тухтай байдаг.
4. ХҮҮХДИЙН СУУДАЛ.
Хүмүүс үүнийг үнэтэй гэж бодоод байдаг. Тийм биш шүү. Тийм байлаа ч нэг л удаагийн худалдан авалт. Олон жил ашиглана. Хүүхдийн чинь хувьд юутай ч зүйрлэшгүй чухал эд.
Суудалд суугаад сурчихсан хүүхдүүдэд хол замд ямар тухтай байдаг гэж бодно.
Бүр боломжгүй бол хүүхдийн суудал өндөрсгөгч ч болно. Тэгвэл суудлын бүсээ ашиглах боломжтойн дээр хүүхэд цонхоор харах давуу талтай. Хэдий зай эзлэх сул талтай ч гэсэн тэд чинь бие хүн шүү дээ.
5. Шөнийн аялал ба ГЭРЭЛ ШИЛЖҮҮЛЭХ.
Хамгийн хэцүү сэдэв.
Миний хувьд аль болох шөнө оройн цагаар явахгүй байхыг зөвлөж байна.
Очих газараа хүрэх гэж харанхуй шөнө явахаар байгаа бол нар буухтай зэрэгцэн замын хажууруу гараад гэгээтэйд хүссэн газараа майхнаа бариад хоночих. Бидэнд тэгэх эрх чөлөө байгаа шүү дээ.
Яалтачгүй шөнөөр явах бол өөдөөс ирж байгаа машинаас түрүүлж гэрэлээ ойр дээрээ шилжүүлж байгаарай. Өөдөөс чинь асар хурц цагаан гэрэлтэй өчнөөн “өөдгүй” амьтад ирнэ. Зарим нь гэрэлээ шилжүүлнэ, цөөнгүй хэд нь огт шилжүүлэхгүй. За шилжүүлсэн ч зөрж өнгөрөхөөсөө өмнө нөгөө хурц холын гэрлээ гялс гэж асаана. Бараг бүгдээрээ. Яагаад тэгдэг юм бүү мэд. Хамгийн аюултай үйлдэл бол энэ шүү. Яг л аппратны спичик шиг нүд сохлох шахна. Хэрэв та өөрөө ийм үйлдэл гаргадаг бол цаашид анхаараарай. Учир нь зөрж буй машинд хэн нэгний хайртай дотны хүмүүс явж байгаа шүү дээ. Яг л тан шиг.
Миний хувьд ажил, амь аль ч тохиолдолд хөдөө явахдаа шөнөөр явахаас бүрэн татгалздаг.
Харин зайлшүй явж таарвал машин зөрөх үед, ялангуяа овор ихтэй машин зөрөх үед хурдаа хасч замын баруун талдаа шахаж зөрдөг. Бүр аюултай санагдвал аваараа асаагаад зөрж өнгөртөл нь түр зогсчихдог.
За тэгээд үзэгдэх орчин хязгаарлагдсан үед аль болох гүйцэж түрүүлэхгүй байх, хурдаа хэт хэтрүүлэхгүй байх энгийн зүйлсийг ч гэсэн мөрдөж байгаарай.
Монгол орон маань аялаж амархад ямар гоё билээ. Харин бид ямар цөөхүүлээ билээ. Өөрөөс болон өрөөлөөс шалтгаалж хэнд ч битгий муу зүйлс тохиолдоосой.
Амралтын өдрүүдээ аз жаргалтай, дурсамж дүүрэн өнгөрүүлээрэй.
Миний хувьд хамгийн гоё мэдрэмж хайртай хүмүүсээ машиндаа суулгаад хотоос гараад явах тэр мөч байдаг.
Dashzeveg Munkhtulga