Чингэлтэй дүүрэгт автобусны 19 буудал шинээр байгууллаа
Мэдээ

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17, 18, 23 дугаар хороонд автобусны 19 буудал ашиглалтад орууллаа. Үүний 2 нь битүү, 17 нь задгай юм байна. Автобусны буудал бүрт нийтийн тээврийн мэдээлэл авах ухаалаг самбар байрлуулж, уг буудалд автобус хэзээ ирэх хугацааг харах боломж олгожээ. Буудал бүрт хяналтын камер суурилуулсан байна.
Энэ талаар Нийтийн тээврийн газрын дарга Д.Отгонжаргал "Улаанбаатар хотод автобусны 1115 буудал бий. Үүний 59 нь эцсийн зогсоол. Автобусны буудлын 65 хувьд нь иж бүрэн тохижилт хийгээгүй байсан. Үүнийг үе шаттайгаар шийдвэрлэж байна. Чингэлтэй дүүрэгт автобусны 19 буудал шинээр ашиглалтад орууллаа. Үүнтэй холбогдуулан бид автобусны чиглэлийг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна гэж ярилаа.
Нийслэлийн гэр хорооллын гудамж, зам талбайд нийтийн тээврийн хүртээмж, үйлчилгээг сайжруулах, явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор нийслэлийн ЗДТГ, Азийн хөгжлийн банк хамтран “Гэр хорооллын нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах” төслийг 2019 оноос хэрэгжүүлж байна. Дээрх буудлуудыг энэ төслийн хүрээнд байгуулжээ.