Цахилгаан машины нөмрөгөн хавтан бий болжээ

Цахилгаан машин гэсэн том зах зээл цоо шинээр гарч буй. Компаниуд ч эхнээсээ эдэн зориулсан бүтээгдэхүүнүүд хөгжүүлж гаргаж эхэлсэн байна. Америкийн GoSun гэдэг компани нөмрөг бүтээжээ. Та зургийг нь хараад л шууд ойлгосон байх. Яваагүй үедээ нөмрөгөө дэлгээд нарнаас цахилгаан үйлдвэрлэж, машинаа тэтгэнэ. Далимд нь машинаа хэт халуунаас сэргийлчихнэ.
Урьдчилсан захиалга авч буй аж. Байнгын нартай, халуун орнуудад тун эрэлттэй байж болох юм.
Машины дээвэрт 12.7 см зузаантай хайрцаг бий. Түүндээ хураачихна. Хайрцагны дээвэр дээр байнгын нарны хавтан бас бий. Хавтанг дэлгэсэн үед 6 дахин хүчтэй болж, 1.2 кВт хүртэл цахилгаан хуримтлуулж эхэлдэг.
32 кг жинтэй энэхүү бүтээгдэхүүн нь танд өдөрт 16-32 км үнэгүй явах боломж олгоно. Таатай нөхцөлд 50 км ч хүрч болно.
Дараа жилээс нийлүүлэлт эхэлж, үнэ нь 3 мянган доллар хавьцаа байх бололтой. Улс орнууд дэвшилтэт бүтээгдэхүүн учраас нилээн хөнгөлөлт үзүүлэх аж.