Хиймэл оюунаар бүтээсэн Элвис Преслигийн тоглолт болно
Нийтлэл

Дэлхийд алдартай Америкийн поп дуучин Элвис Пресли хиймэл оюун ухаан (AI) болон х олограм(hologram) технологи йн тусламжтайгаар үзэгчдийн өмнө шинээр гарч ирэх болж байна. Түүний "Elvis Evolution" нэртэй тоглолт энэ оны 11 дүгээр сард Английн Лондон хотод нээлтээ хийж, дараа нь АНУ-ын Лас Вегас, Германы Берлин, Японы Токио зэрэг хотуудад үргэлжүүлэн тоглохоор болсон тухай BBC мэдээлэв. Британийн "Layered Reality" интертайнмент компани хиймэл оюун ухаан болон холограм проекц ашиглан олон мянган гэрэл зураг, видео бичлэг дээр үндэслэн дижитал Элвис Преслиг бүтээнэ гэж мэдэгджээ. Тус компанийн захирал Эндрю МакГиннис "Энэ бол Элвис Пресли хэмээн домогт хүнд дараа үеийнхний үзүүлж буй хүндэтгэл юм" гэжээ. Элвис Пресли 1977 онд 42 насандаа гэнэт өөд болсон бөгөөд хэрэв тэр амьд байсан бол ирэх 8-ны өдөр 89 нас хүрэх байв. Үүнээс өмнө Их Британид Шведийн "Абба" хамтлагийн бодит дүрийг бүтээсэн "Abba Voyage" тоглолт маш амжилттай болсон. 1970-аад оны “Абба” хамтлагийн оргил үеийг дижитал хэлбэрээр харуулсан тус тоглолт 2022 оны тавдугаар сараас Лондон хотын 3000 хүний суудалтай тоглолтын танхимд болж байв. Тус тоглолтын долоо хоногийн ашиг нь 2 сая паунд хүрч, Лондонгийн эдийн засагт оруулсан хувь нэмэр нь 322 сая паунд болж байжээ.