Уул уурхайд жолоочийн ажил байхгүй болно
Нийтлэл

Монголд хамгийн их олдоцтой,хамгийн цалин өндөр ажил бол хүнд даацын автомашины жолоочийн ажил юм. Нүүрс тээврийн хэрэгсэл барьж байгаа бол шалаанзын жолооч, уурхай дотроос шороо нүүрс гаргадаг бол дампын оператор гэж нэрлэгдэнэ. Жолооны үнэмлэх аваад мэргэшсэн жолоочийн шалгалт өгсөн бол өөр ямар ч ур чадвар мэргэжил боловсрол шаардахгүй, жолоогоо мушгиж чадаж л байвал цалингийн тоолуур эргэж байдаг ажил.
Хөдөлмөрийн чадвартай бүх Монгол эрчүүдийн 30-40% нь ийнхүү уурхай бараадаж ээлжийн жолооч буюу ростерийн ажил хийж өдрийн гурав хоол идэж улс орны байдал, өнөө маргаашийн амжиргаандаа санаа зовох зүйлгүй амар жимэр амьдарч байна. Гэвч манай жолооч нарын амгалан байдал тийм удаан үргэлжлэхгүй бололтой. Дэлхий даяар 5G технологи үсрэнгүй хөгжиж жолоочгүй тээврийн хэрэгсэлүүд уул уурхайн салбарт хурдтай нэвтрэн орж иржээ.
Ялангуяа БНХАУ далайн бүх боомтуудаа мөн хуурай газрын зарим боомтуудаа ухаалаг терминал болгож AGV техникуудээр иж бүрэн тоноглож, том уурхайнууд, нүүрс тээвэрлэх авто замуудаа жолоочгүй дамп, хөдөлгөөнт хүнд механизмд шилжүүлэх ажлыг эрчимжүүлж байна. МАН-ын дарга нар мэдээлэхгүй байгаа болохоос хилийн боомтуудаа ухаалаг терминал болгох, нүүрс экспортлодог уурхайнуудаа AGV тээврийн хэрэгсэлтэй болгох асуудлыг Хятадын талтай хэлэлцэж тохирсон гэнэ.
Таван жилийн дараа гэхэд манай уурхайнууд жолоочгүй болж уурхайн дотоод тээвэр,баяжуулах үйлдвэрийн дотоод тээвэр, хилийн боомтын тээвэр жолоочгүй ухаалаг системд шилжиж АGV техникээр бүрэн тоноглогдсон байхыг үгүйсгэх аргагүй юм. Монгол орон шиг ард иргэд нь ядуу зүдүү, амьдралын баталгаагүй орны хувьд AGV технологи нэвтрэх нь аль талаас бодсон сайхан зүйлд хүргэхгүй нь тодорхой.
Жич:
AGV (automated guided vehicle) буюу жолоочгүй тээврийн хэрэгсэл гэдэг нь радио долгионт удирдлагатай шугаман зам эсвэл навигаци хийхдээ радио долгион, соронзон, лазер чиглүүлэгчийн удирдлагаар хөдөлгөөн хийгддэг өндөр хурдны робот машинууд гэсэн үг..
Нийтлэгч: Х. Батжаргал