2024.08.10
Хөвсгөл нуурт живсэн ачааны автомашиныг 50 метрийн гүнээс татан гаргажээ

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн санаачилгаар Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах зорилгоор живсэн тээврийн хэрэгслийг эрэн хайх, илрүүлэх, татан гаргах ажил Хөвсгөл нуурын Тургийн шанаа орчимд үргэлжилж байна.
Ажлын хэсэг гурав дахь техник хэрэгслийг энэ сарын 9-ний өдөр амжилттай татан гаргажээ. Татан гаргасан автомашин нь живсэн огноо, улсын дугаар тодорхойгүй ЯГ-6 загварын ачааны автомашин бөгөөд 1936 онд хуучнаар ЗСБНХУ-ын Ярославскийн автомашины үйлдвэрт 5 тонны даацтай цэргийн зориулалтаар үйлдвэрлэгдсэн аж. Автомашиныг 50 метрийн гүнээс 62 цаг ажиллаж амжилттай татан гаргажээ.
Эх сурвалж: ОБЕГ