Замын хөдөлгөөнд оролцохдоо Apple-ийн шинэ бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байхыг Тесла эзэмшигчдэд анхаарууллаа
Мэдээ

Сүүлийн өдрүүдэд Тесла автомашин жолоодож яваа хүмүүс Apple компаниас саяхан зах зээлд гаргасан VR (Virtual Reality) зүүдэг төхөөрөмжийг хэрэглэж буйг харуулсан дүрс бичлэгүүд сошиал ертөнцөд хүчтэй тараад байна.
Үүнтэй холбогдуулан АНУ-ын зам тээврийн сайд Пэт Буттигег өчигдөр X хуудсандаа анхааруулга нийтэлжээ.
Орчин үеийн жолоодлогын системүүд хэдий автомат ажиллагаатай болсон ч замын хөдөлгөөнд оролцох бүх хугацаанд хүний оролцоог заавал шаарддаг хэвээр байгааг сайд анхааруулсан байна.
Apple Vision Pro төхөөрөмж нь зүүсэн хүний нүдэнд бодит орчныг хийсвэр гурван хэмжээст орон зайтай давхар харуулдаг.
Уг бүтээгдэхүүн хоёрдугаар сарын 2-ны өдөр АНУ-ын зах зээлд $3,499-ийн үнэтэй худалдаанд гарсан юм. Apple компани бүтээгдэхүүнийхээ гарын авлагад автомашин жолоодох үедээ зүүхгүй байхыг анхааруулсан байдаг.
Тесла компани ч бас автомат жолоодлогын горимд байхдаа хэрэглэгч автомашиныхаа болон замын хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хариуцаж, анхаарлаа сарниулж болохгүйг анхааруулдаг юм.
Эх сурвалж: BBC