Bubble tea гэж юу вэ?
Нийтлэл

Хүүхэд залуучуудын дунд тренд болоод байгаа энэ бүтээгдэхүүний цэлцэн бөмбөлгийг томчууд нэг их таашаахгүй байгаа нь харагддаг. Тэгвэл энэ цайны хаанаас гаралтай, ямар найрлагатай, ямар бүтээгдэхүүн гэдгийг товчхон мэдэж авцгаая.
Энэ бүтээгдэхүүн бол харьцангуй залуу бүтээгдэхүүн ч гэлээ үүсэх эхлэл нь аль 1624 онд Голландчууд Тайванийг колончлох үеэс цайндаа сүү, элсэн чихэр нэмэх болсноор тавигдсан гэж үздэг.
1988 онд Тайвань улсын нэгэн цайгаар үйлчилдэг компаний бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн менежер Лин Шиу Хуй ажилчдын уулзалтын үеэр цайндаа өвөрмөц цэлцгэнүүр бөмбөлөг асгаж уухыг уриалсан нь Bubble tea-ний үүсэл гэж үздэг. Уулзалтанд оролцсон бүх хүнд уг цай ер бусын сэтгэгдэл төрүүлж таалагдсан тул тэр дор нь ажилчдын хоолны цэсний цайны төрөлд оруулсан гэдэг. Энэ нь яван явсаар франчейзын хамгийн борлуулалт өндөртэй бүтээгдэхүүн болсон байна.
Тайванаас гаралтай энэ цай нь Хятад, Солонгос, Хонгконг, Сингапур, Япон зэрэг орнуудад уг цай нь 1990-ээд оны эхнээс эхлэн ихэд алдаршин түгсэн бөгөөд цаашлаад Австралиар дамжин Америк хүртэл түгэн дэлгэрч. Америкууд эхэндээ Азийн гэсэн үзлээр уг цайнд хандаж ойшоохгүй байсан ч Солонгосын хөгжмийн давлагаа, TikTok-ийн чиг хандлагаар маш их дэлгэрсэн.
BUBBLE TEA-г хэрхэн хийдэг вэ?
Энэхүү цайны суурь нь жирийн нэг ногоон цай, хар цай, элсэн чихэр, сүү юм уу NDC. Үүнийг өвөрмөц болгоод байгаа зүйл нь өвөрмөц гель хэлбэрийн бөмбөлөгнүүд. Уг бөмбөлөгнүүдийг нилээд хэдэн түүхий эдээр хийдэг. Хамгийн түгээмэл нь тапиока сувд, өвсний цэлцгэнүүр, зуун настын ханд, popping boba хэмээн нэрлэгдэх натрийн алгинат, кальцийн хлорид хэмээх хоёр хүнсний нэмэлтийн холимгоор хийсэн цэлцгэнүүр юм.
Тапиока сувд
Кассава хэмээх модлог ургамлын үндэснээс гарган авдаг цардуулын төрлийн бүтээгдэхүүн юм. Ерөнхийдөө маш амархнаар ойлговол кассавагийн цардуулыг желатинжуулж хийдэг, төмсний цардуулаас пүнтүүз үйлдвэрлэдэгтэй адил зарчимтай бүтээгдэхүүн.
Нүүрсусны агууламж өндөр тул илчлэг өндөртэй байдаг бөгөөд хэмжээг нь хэтрүүлчихгүй л бол хэрэглэхэд аюулгүй шим бодис. Хэмжээг нь хэтрүүлбэл тэгээд таргална аа л гэсэн үг.
Grass Jelly буюу өвсний цэлцгэнүүр
Энэ бүтээгдэхүүнийг Хятадын Хаккачууд (хакка хэлээр ярьдаг мужийнхан) зохиосон бөгөөд үүнийг халуунд тариалангийн талбайд удаан ажилласны дараа цусны даралт багасгах, харвалтаас сэргийлэхэд ашиглаж байж. Тапиока сувд нь бөмбөлөг хэлбэртэй байдаг бол grass jelly нь хар хүрэн өнгөтэй, шоо дөрвөлжин, туузан, эсвэл бүр гурвалжин гээд янз бүрийн хэрчилттэй байж болдог.
Mesona chinensis хэмээх ургамлын иш ба навчнаас гаргаж авсан нүүрсусыг бага хэмжээний цардуул, шохойн чулуугаар үйлчлэн гарган авдаг бөгөөд тапиокагаас ялгаатай нь маш бага илчлэгтэй, 500 гр grass jelly-д ердөө 2.5 гр уураг, 15 гр нүүрсус агуулагддаг. Тос болон аминдэм, эрдсийн агуулгагүй.
Өдгөө өвсний цэлцгэнүүрийг зүүн өмнөд азийн бараг бүх оронд ундаа, цайны үйлдвэрлэлд хэрэглэж байна. Зохицуулах үйлчилгээтэй хүнсний судлагаа ч эрчимтэй хийгдэж байгаа бөгөөд энэ талаар тусад нь дэлгэрэнгүй бичье.
Aloe Vera буюу зуун настын ханд
Үүний цэлцгэнүүр бол манайханд том ногоон савтай, дотроо цэлцгэнүүртэй ундаагаар хэдийн танил болсон. Хүмүүс зуун настын шүүс гэж андуурдаг ч тэр бол усан үзмийн шүүсний суурин дээр зуун настын цэлцгэнүүр ашигласан ундаа байдаг. Зуун наст бол өөрөө тийм их чихэрлэг биш.
Сонирхолтой нь зуун настын хандыг боловсруулахгүйгээр хэрэглэхийг хориглодог. Хэрэв боловсруулж цэлцэн үүсгэж хэрэглэхгүй, шууд ханд чигээр нь хэрэглэвэл хүнд харшил өгөх, анафилаксын шоконд орох хүртэл эрсдэл үүсгэнэ.
Aloe Vera буюу зууннастын ханд агуулсан бүтээгдэхүүнийг эрүүл мэндэд тустай гэсэн сурталчилгаа их байдаг боловч өнөөг хүртэл баттай нотолгоо байхгүй байсаар байна.
Popping boba
За энэ бол хамгийн хямд мөртлөө хамгийн сонирхол татахуйц цэлцгэнүүр бөмбөлөг. Та нар санаж байвал хиймэл түрс гээд бичиж байсан даа. Яг л хиймэл түрс хийдэг зарчим.
Поп бобаг бор замагнаас гаргаж авсан алгины хүчил, алгинат натри хэмээх давсыг кальцийн хлорид, кальцийн лактатаар үйлчлэж гаргаж авдаг. Алгины хүчил, алгинат натри нь Е400, Е401 кодтой хүнсний нэмэлт химийн бодисууд мэт харагдаж байгаа боловч энэ бол замагнаас ялгаж авсан байгалийн өтгөрүүлэгч бодис байдаг.
Алгины хүчил, алгинатууд нь маш сайн судлагдсан бодис тул зөвхөн bubble tea хийх бус бусад олон төрлийн хүнсэнд хэрэглэхээс гадна эрүүл мэндийн салбарт протез хийх, эмийн уусдаг капсул хийх, шүдний эмчилгээнд хэрэглэх, бүүр цаашлаад даавууг ус нэвтрэхгүй тэсвэртэй болгох гэх мэт маш олон зүйлд ашигладаг.
Замаг үржихэд амархан байдаг тул алгинатын эх үүсвэр хангалттай хэмжээгээр байдаг энэхүү хүнсний нэмэлтийг хэрэглэх нь хямд, аюулгүй байдаг.
ДҮГНЭЕ
Өдгөө Тайваньд bubble tea нь зөвхөн нэг төрлийн цай байхаа больж үндэсний соёлын нэг болж хувирсан бөгөөд 2020 оны 04 сарын 30-ны өдрөөс эхлэн жил болгоны энэ өдрийг Bubble Tea Day болгон зарласан. Сонирхолтой байгаа биз.
За тэгэхээр энэ цай бол тэгж нэг их хүн айгаад байхааргүй ч тапиока сувдаар хийсэн цай нь маш их цардуул агуулсан, илчлэг өндөртэй байдаг тул тохируулан хэрэглэхийг зөвлөдөг. Өдөр болгон гоё гээд уугаад байвал таргалуулна аа л гэсэн үг. Мөн NDC-гээр сүлсэн байдлыг хүмүүс янз бүрээр шүүмжлэдэг ба миний хувьд non dairy creamer нэг их гэмт хэрэгтэн санагддаггүй тул үүнийг бол тоохгүй, малын хатаамал сүү угаасаа уусахгүй.
Е кодтой зүйлийг муу гээд байдаг, тэгсэн алгинат натри, алгины хүчил өдгөө маш олон зүйлд итгэл төгс хэрэглэгдэж байхад aloe vera өнөөдөр судалгаа муутай, маргаантай хэвээр байсаар байна. Үүнийг харвал юм сурталчилдаг шигээ байдаггүй юм аа гэдгийг тод томруун харуулж байгаа нэг жишээ болно.
За тэгээд bubble tea-ны улирал ч хаяанд ирлээ дээ, гурван зулзагаа дагуулаад bubble tea хийдэг газруудыг хэсч өгнө дөө, сонирхолтой юм билээ ккк
Хүнсний Инженер О. Гал-Очир