Хотыг бус бүс нутгийг холбох метроны сүлжээ Азийн орнуудад нэмэгдэж байна
2022 онд Лондон хотын хэвтээ тэнхлэгт байгуулагдсан метроны шинэ сүлжээ тэр даруй өдрийн хагас сая зорчигчтой болж, Их Британийн төмөр замаар үйлчлүүлэгчдийн нийт тоо богино хугацааны дотор цар тахлын өмнөх үеэ давжээ.
Харин БНСУ-ын нийслэл Сөүлд 161 км/цагаас дээш хурдлах чадалтай өндөр хурдны шинэ метро хотын өмнөд захаас төвийн бизнес дүүрэг рүү зорчих хугацааг дөрөв дахин багасгасан байна. Энэтхэгийн Дели хотод ч үүнтэй төстэй метроны сүлжээ баригдаж байгаа бөгөөд ашиглалтад орсноор зорчигчид хүн ам шигүү суурьшсан их хотын дундуур 100 км зайг ердөө нэг цагийн дотор туулах аж.
Хүн ам шигүү суурьшсан, хөндлөн гулд туулахад 150 км-ээс дээш зайтай мегалополист зориулагдсан энэхүү шинэ ангиллын метро Баруун Европоос эхлээд Ойрх дорнод, Зүүн Азийн олон улс оронд нэвтэрч байна. “Томоохон метрополитан бүсэд авто замаар хотын нэг захаас нөгөө зах руу богино хугацаанд хүрэх боломжгүй байдаг. Харин бүс нутгийн хэмжээний энэхүү метроны систем нь уламжлалт метроны сүлжээтэй харьцуулахад аяллын хугацааг 2-3 дахин багасгах боломжтой” хэмээн “Urban Institiute” төвийн судлаач Йона Фримарк өгүүлж байлаа.
Сүүлийн жилүүдэд “Бүс нутгийн” метроны дийлэнх нь Азид баригджээ. Тухайлбал: Энэтхэгийн Дели, Туркийн Станбул, БНХАУ-ын Шанхай, Филиппиний Манила хот бүгд энэ төрлийн сүлжээг байгуулж байна. Энэ оны эхээр Сөүлийн “Great Train Express” сүлжээний эхний шугам үйлчилгээгээ эхлүүлж, 35 км замыг 20 минутад туулж байгаа юм. Дараагийн шугам нь ашиглалтад орсноор одоогоор газар доорх метрогоор явахад нэг цаг 30 минут зарцуулж буй Сөүл, зэргэлдээ Инчон хотын хоорондох зайг цагт 30 минутад туулдаг болох аж.
Мөн БНХАУ-д шинээр баригдаж буй “Pearl River Delta” метроны сүлжээ бүрэн ашиглалтад орвол дэлхийн хамгийн дэвшилтэт метроны сүлжээ болохоор байна. Тус сүлжээ метро болон галт тэрэгний үүргийг хослуулан гүйцэтгээд зогсохгүй хурд нь өндөр хурдны галт тэрэгнийхтэй дүйх ажээ. Гуанжоу, Дунгуань, Фошан, Шэньжэнь хотын хооронд зорчих галт тэрэг цагт 200 км хурдлах чадалтай байх аж.
Х.Солонго