Оросууд - Хятад машин талаар ямар сэтгэгдэлтэй байна вэ?
Нийтлэл

Оросууд хятад машиныг хэрэглээд овоо удсан. Бүр ковидын үеэс эхэлсэн болов уу. Дайны хоригоос болоод сүүлийн хэдэн жилд хятад машинаас өөр олигтой сонголтгүй ч болсон.
Ингээд тэдний хүмүүс хэрэглээд эхнээсээ 2-5 жил болжээ. Одоо тэд үгээ хэлж чадахаар болсон.
Орос хүмүүс хятад машины талаар судалгаанд юу гэж хариулсан бэ?
1600 гаруй хүн оролцсон том судалгаа учраас үр дүнд итгэлтэй байж болно.
Давуу тал:
• Хамгийн гол нь хятад машин хүртээмжтэй байж чадаж байна. Маш хямд үнэ, загварын сонголт ихтэй, баталгаат үйлчилгээ маш урт, сэлбэгийн олдоц, засвар ч сайн байна гэжээ. Ийм бодолтой хүмүүс 25%-ийг эзэлж байна.
• Үйлдвэрлэлийн чанарыг дажгүй гэж 13% үзжээ. Хэрэглээнд хангалттай гэх юмуу даа.
• 10% нь загвар, дотоод засал, тав тухыг дажгүй, сайн гэжээ.
• 12% нь харин хятад машинд давуу тал байхгүй гэсэн байна.
• 44% нь хятад машины давуу талыг одоогоор нэрлэж чадахгүй гэсэн бөөрөнхий хариулт өгчээ.
Сул тал:
• 28% нь чанар муутай, эмзэг гэж үзсэн хэвээр байна.
• 7% нь будаг муу, зэврэх магадлалтай гэжээ.
• 6% нь хятад машинууд оросын цаг агаар, донсолгоо ихтэй замыг тэсвэрлэхгүй гэж үзсэн хэвээр байна.
Хэрвээ танд боломж нь байвал аль улсын машиныг авах вэ гэсэн энгийн асуултад:
• Тэгвэл Япон (36%), Орос (33%), Герман (32%), Солонгос (22%), Хятад (14%) машин авна гэжээ.
Гэвч яг өнөөгийн байдлаар Орос оронд хятад машины борлуулалд үнэмлэхүй тэргүүлж байна. Нийт орлогын 70% гэхээр арай дэндүү байгаа биз дээ. Орос брэндийн машинууд дөнгөж 12%-ийг эзэлж байна. Нөгөө судалдаанд хамрагдсан 33% хаана байна?
Тэгэхээр наанаа ам муутай ч, цаанаа хүссэн хүсээгүй бүгд авч байгаа гэсэн үг. Япон, Герман, АНУ машинууд хоригт орсон гэдгийг бас дуулгая.