ФОТО: "Чингис хаан" ОУНБ дөрвөн одтой нисэх буудлуудын тоог нэгээр нэмлээ

Дэлхийд 195 улс (НҮБ-д бүртгэлтэй) байна. Дэлхийн улс, орны нисэх онгоцны буудлуудыг зохион байгуулалт, дизайн, үйлчилгээ, тав тухтай, цэвэр цэмцгэр, аюулгүй байдал зэрэг 800 гаруй шалгуур үзүүлэлт тус бүрийг 1-5 оноогоор үнэлж, зэрэглэлийн од хүртээдэг Олон улсын агаарын тээврийн үнэлгээний “Скайтракс” гэж байгууллага бий.
Энэ компани Их Британийн Лондон хотод байрладаг бөгөөд анх 1989 онд дэлхийн нисэх онгоцны буудлаар үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн судалгааг эхлүүлжээ. Үүнээс улбаалан дэлхийн шилдэг нисэх онгоцны буудал болон агаарын тээврийн компанийг жил бүр шалгаруулан шагнал гардуулж, зэрэглэлийг одоор үнэлдэг болсон байна. “Скайтракс”-ийн үнэлсэн зэрэглэлийг дэлхий даяар хүлээн зөвшөөрч, хүндэтгэдэг аж.
Тус байгууллагаас 1989 оноос хойш өнөөг хүртэл дэлхийн нийт 432 онгоцны буудалд од хүртээсэн байна. Үүнээс:
5 одтой 22
4 одтой 89
3 одтой 268
2 одтой 53 нисэх буудал байна.
Хамгийн сүүлд, 2024 онд 4 дүгээр сарын 17-нд Франкфурт хотод 2024 оны дэлхийн шилдэг нисэх онгоцны буудлын шагнал гардуулах ёслол болжээ. Энэ үеэр нийт 9 онгоцны буудалд зэрэглэлийн од хүртээсэн байна. Үүнд:
Да Нангийн олон улсын нисэх онгоцны буудлын 2-р терминалд 5 одтой терминалын шагнал
Ньюарк Либерти олон улсын нисэх онгоцны буудлын А терминалд 5 одтой терминалын шагнал
Бахрейны олон улсын нисэх онгоцны буудалд 5 одтой нисэх буудлын шагнал
Шанхайн Хунчяо олон улсын нисэх онгоцны буудалд 5 одтой нисэх онгоцны буудлын шагнал
Японы “Нарита” олон улсын нисэх онгоцны буудалд 5 одтой нисэх онгоцны буудлын шагнал
Монголын “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд дөрвөн одтой нисэх буудлын шагнал
Японы Осака олон улсын (Итами) нисэх онгоцны буудалд дөрвөн одтой нисэх онгоцны буудлын шагнал
Францын Лион-Сент-Экзюпери нисэх онгоцны буудалд дөрвөн одтой нисэх онгоцны буудлын шагнал
Францын VINCI нисэх онгоцны буудалд 4 одтой нисэх онгоцны буудлын шагналыг тус тус хүртээжээ.
Ийнхүү "Чингис хаан” Олон улсын нисэх буудал дэлхийд нэр хүндтэй “4 STAR AIRPORT” зэрэглэлийг хүртсэн байна. Монгол Улсын Иргэний Нисэхийн түүхэнд чухал тооцогдох энэхүү зэрэглэлийн одыг “Чингис хаан” олон улсын нисэх буудалд байрлуулах ёслолын арга хэмжээ энэ сарын 22-ны өдөр боллоо.