Автотойм: 2019 Suzuki Jumny
Нийтлэл

Өнөөдөр дэлхий дээр задардаггүй мосттой бартаа туулагч хэд үлдсэн бэ? Миний мэдэхийн Уаз Патриот, Jeep Wrangler тэгээд Jimny л байна. Шинэ G-Class үл хамаарах урд тэнхлэгтэй.
Шинэ Defender мост төдийгүй рамнаас хагацаж үнэнч фэнүүдээ цочоосон. Харин Land Cruiser энэ төрөлд огт хамаарахгүй. Зөвхөн засмал замаар явдаг чамин тансаг машинтай хүмүүст муу мэдээтэй. Япончууд хүндрүүлэгчийн товчлуурыг тэр чигт нь халж оронд нь гарт баригддаг төмөр рычаг суурилуулжээ. Хурдны хайрцаг нь элдэв юмгүй даруухан нэг бол таван шатлалт механик эсвэл дөрвөн шатлалт автомат Aisin кроптой. Хүчний хувьд 102 м.х. 1.5 л хөдөлгүүртэй. 1110 кг жинтэй түүнд энэ бүхэн хангалттай. Сум шиг хурдан биш ч гэсэн (15 сек 0-100 км/ц хурдална) ачаатай үед баргийн машинд гүйцэгдэхгүй.
Овор хэмжээ нь хэвээрээ тул Jimny-ийг хоёр хүний суудалтай гэх нь зөв. Өштөн дайснаа хойно суулгадаггүй л юм бол тийшээ шагайх ч хэрэггүй. Салон руу үсэрч ороод хаалгаа тас хаатал кузов нь бага зэрэг савлана. Яг л хуучин шигээ шүү! Шинэ салоны зохион байгуулалт, хийц, материал, угсралт нь өмнөх загвараас хавь дээр болжээ.
Хоёр тохируулгатай энгийн суудал нь маш тухтай юм. Үзэгдэх орчин хангалттай, GLX хувилбарын тод гэрэл нь зүүдэнд ч оромгүй тод тусгалтай. Уаз шиг хамраараа дохиж тоормосолдог Jimny-аар огцом тоормосолбол арын дугуй нь газраас хөндийрч мэднэ. Шороон зам руу буугаад... биш ээ, хурдаа хасалгүй нисэж ортол дугуй шиг гүн нүх сүвийг төвөггүй шингээж урд мостоо холбовол элсэн манханаар бух шиг дайрна.
Одоо ч Jimny шиг машин хэдхэн үлдсэн. Худалдаж авах хүн бүүр ч цөөхөн байх биз. Яаж ч бодсон хойноо хөтлөгчтэй хуруу чинээ бартаа туулагч 60 саяын үнэтэй байна гэдэг их. Худалдан авалт бүрээ цэгнэдэг хүн лав авахгүй. Харин амралтын өдөр найз нөхдөөрөө хөдөө гадаа явдаг эрчүүд хоёр дахь унаагаа болгох байх шүү. Эсвэл оффроуд тюнингд нугасгүй хүмүүс хүссэнээрээ тоноглож мэднэ.
Урт / Өргөн / Өндөр / Тэнхлэг:
3650 / 1645 / 1725 / 2250 мм
Бодит / Бүх жин 1110/1435 кг
Багааж 85–830 л
Хөдөлгүүр: бензин, L4, 1462 см³; 75 кВт/102 м.х. 6000 эрг/мин; 130 Н·м 4000 эрг/мин
Дээд хурд: 140 км/ц
Шатахуун/ Нөөц шатахуун: АИ‑95/40 л
Шатахуун зарцуулалт: Хотод/Шулуун/Холимог: 8,4 / 6,9 / 7,5 л / 100 км
Явах анги: Залгаж салгадаг мост, хоёр шатлалт хүндрүүлэгч; AT4
Нийтлэгч: Buyanaa Buyanaa Ganbaa