ОХУ-ын Курск мужид онц байдал зарлав

Украины арми ОХУ-ын Курск мужид нэвтэрснээс хойш дөрөв хоногийн дараа буюу Баасан гаригт Кремль холбооны түвшний онц байдал зарлалаа. Хохирлын хэмжээ 500 хүн, аль эсвэл 500 сая рублиэс давсан тохиолдодл холбооны түвшний онц байдал зарладаг.
Мөн муж руу нэмэлт хүч илгээгээд байна. Тодруулбал, ОХУ олон тооны пуужин харвагч, чирэгч их буу, танк, гинжит машинуудаа байрлуулж буйг тус улсын Батлан хамгаалах яам мэдэгдэв.
ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлснээр хилээс 10 км-ийн зайд орших Суджа хотын баруун захад тулаан ид үргэлжилж байна. Тус хот нь Оросын байгалийн хийн дамжуулах хоолойн чухал төв юм.
Украины ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Михайло Подоляк "Хилийн бүсэд халдлага хийснээр Орос улс дайн өөрсдийнх нь нутаг дэвсгэрт аажмаар нэвтэрч байгааг ойлгож эхэлнэ" гэв.
Суджагаас гадна Украины хилээс 300 км-ийн зайд орших Оросын Липецк муж руу мөн Киевийн арми дайрчээ. Украины Аюулгүй байдлын албаны нисгэгчгүй онгоцууд Пүрэв гаригийн шөнө цэргийн нисэх онгоцны буудлыг оносон байна. Уг нисэх онгоцны буудал нь сөнөөгч онгоц, нисдэг тэрэгний бааз байсан бөгөөд 700 гаруй тэсрэх бөмбөг хадгалж байжээ. Украины арми Липецк-2 нисэх онгоцны буудалд мөн цохилт өгснөө Баасан гаригт зарлав.
Харин нөгөө талд ОХУ-ын агаарын цохилтод зүүн Донецк мужийн Костянтиновка дахь худалдааны төв өртсөнөөр 11 хүн амиа алдаж, 44 хүн шархдав. Тус худалдааны төв нь хотын оршин суугчдын бүсэд байрладаг. "Энэ бол хүн ам ихтэй газар руу чиглэсэн ээлжит халдлага, Оросуудын ээлжит террорист ажиллагаа" гэж Донецк мужийн дарга Вадим Филашкин телеграм хуудсандаа бичжээ.
Эх сурвалж: AP