ТОЙМ: Сүүлийн 50 жил ажиглагдаагүй их цас орж, зуд боллоо
Мэдээ

2,9 сая толгой мал хорогдоод байна
2023 оны арваннэгдүгээр сараас хойш орсон цас 9.6 мм буюу олон жилийн дунджаас 1.6 дахин их буюу сүүлийн 50 жил ажиглагдаагүй их цас уналаа. 2009-2010 оны зуд болсон. Тухайн үед олон жилийн дунджаас 1.4 дахин их хур тунадас орсон бол энэ өвөл олон жилийн дунджаас 1.6 дахин их хур тунадас орлоо гэж Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал тайлбарлав.
Өнөөдрийн байдлаар /02.24/ нийт нутгийн 80,6 хувь нь зудын нөхцөл байдалтай, үүнээс 21,8 хувь нь төмөр зуд, 25,9 хувь нь цагаан зудархуу нөхцөл байдалтай байгаа ба 2,9 сая мал хоргодоод байна.
Цас, зудын нөхцөл байдлаас шалтгаалан улсын хэмжээнд нийт 13.5 мянган айл цасанд боогдож, 38.4 мянган км зам харгуй хаагдсан.
Сайд нараар ахлуулсан 6 ажлын хэсэг орон нутагт ажиллаж, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 250 орчим алба хаагч, 120 гаруй тусгай зориулалтын техник хэрэгсэлтэйгээр энэ сарын 19-23-ны өдрүүдэд 16 аймгийн 44 сумын 1966 өрхөд 1528 тонн малын өвс, тэжээлийн хүргэлт хийж, 10.009 км хаагдсан замыг нээх ажлыг зохион байгууллаа. Цасны зузаан, зам, давааны нөхцөл байдлаас шалтгаалан 30 км замыг гаргахад 4-6 цагийг зарцуулж байна.