Techno: Бид алдаагаа заслаа

Цахим спортын "Counter Strike" төрлийн хамгийн нэр хүндтэй, томоохон тэмцээнүүдийн нэг болох "IEM Cologne" тэмцээн уламжлалт ёсоор Германы Кёльн хотод эхэлсэн. Нэг сая ам.долларын шагналын сантай тус тэмцээнд дэлхийн шилдэг 24 баг оролцож байгаа бөгөөд Азийн чансааг тэргүүлэгч Монголын "The MongolZ" өрсөлдөж буй.
Тэд өчигдөр/2024.08.10/ дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж буй, "donk" тэргүүтэй Оросын алдарт "Spirit" багтай тоглож, 2-0 гэсэн харьцаатай хожив.
Тоглолтын дараа М.Содбаяр буюу "Techno" ярихдаа "Энэ бол бидний хувьд үнэхээр том амжилт. Яг одоо үнэхээр баяртай байна. Бид тэдэнтэй Катовицийн урьдчилсан шатанд таарч 0-2 гэсэн харьцаатай хожигдож байсан. Тэр үед олон алдаа гаргасан. Нэг ээлжийн тоглолтод /map/ хожих боломжтой байсан ч хожигдчихсон. Харин энэ удаад бид алдаагаа заслаа. Энэ л бидний өнөөдөр хожсон хамгийн том шалтгаан" гэв.
"The MongolZ" өнөөдөр 21.45 цагаас Португалын "SAW"-тай дахин тоглоно. Хоёр баг урьдчилсан шатанд учраа таарахад "SAW" 2-1 гэсэн харьцаатай хожсон билээ. Португалын багийн тухайд өчигдөр "G2 Esports"-ийг хожжээ.
"SAW"-тай тоглох талаар Б.Содбаяр "Сүүлийн тоглолтод бид ‘Anubis’ дээр илүү байсан. Зүгээр л олон алдаа гаргачихсан. Үнэхээр олон алдаа гаргасан. Харин энэ удаад алдаагаа засч, ялж чадна гэж бодож байна. Бид тэднийг дутуу үнэлээгүй. Тэд бол сайн баг" гэлээ.
Хоёр долоо хоногийн өмнө "The MongolZ" дэлхийн чансааны аравдугаарт бичигдэж, түүх бүтээсэн билээ. Энэ удаад ч түүхээ үргэлжлүүлж, "SAW"-ийг хожин "LANXESS" аренад үзэгчдийн өмнө тоглохыг хүсч байна. Б.Содбаяр ч "Энэ бол бидний гол зорилго. Тайзан дээр тоглох бол бидний гол зорилго" гэжээ.