Аялал: Дугуй унаж цастай тулалдсан нь
Мэдээ

Өглөө сэрүүлгээсээ өмнө сонин зүүд зүүдэлж байгаад сэрчхэв. Аяллаасаа унтаж хоцроод. Ожго ах руу хоцорчихлоо гэрээсээ гарч байна гэж мессеж бичиж орхиод, аяллын багийнхаа араас нь яваад л байх юм. Нэг л урагшилж өгөхгүй юу ч болоод байгаа юм, өөрийн тааваараа явж чадахгүй бүр аргаа барж байтал ашгүй зүүд байсан байна.
Цагаа харвал 6:30, аажуу уужуу унд цайгаа уугаад цуглах цэг рүү гараад жийлээ. Салхи өмнө зүгээс үлээж байгаа бололтой араас дэмжиж байсан тул хөнгөхөн жийгээд цуглах цэг дээр ирлээ. Манай эртэч хэд хэдийн нь ирчихсэн Жигжидийн уулзвар дээр GS25-д тухлан цай цүү болон бужигналдаж байна. Ар араасаа хүмүүс нэмэгдсээр 36 хүн болсон гэх шиг болсон. Яг баттай бол мэдээгүй, гэхдээ л олон хүн цуглажээ.
Ойрд зарлагдаагүй ойрхон буюу 75 км-н аялал зарласан нь ч нөлөөлсөн байх. Аяллын удирдаач Админ Ожго ах Сэлбийн эх рүү ордог хаалган дээр татах заавар өгөөд хөдөлцгөөлөө. Сэлбийн эхээс цааш дураар жийх газар байхгүй болох тул сайхан жийж авъя гээд хөдлөөд л буудчихлаа. Хоорондоо уралдаж хорхойгоо дарж авсан залуус юу юугүй л таталтын цэг доор очин хөөр хөгжөөн болцгооно. Бид ч эндээс цааш шавардана л гэсэн ойлголттой байсан.
Гэтэл сэлбийн голын эх битүү мөс, дээгүүрээ хайлмагтан шар ус үерлэн урсаж байв. Юу юугүй аяллын эхэнд гутлаа норгох хүсэлгүй байсан тул эргэлзэн админы шийдвэрийг сонсохоор түр хүлээн саатлаа. Дээгүүр нь тойроод явцгаая гэсэн шийд гарсан тул голын урд эргийг дагасан замаа даган жийж эхэллээ. Хэсэг яваад зам цастай жийх боломжгүй болсон тул дугуйгаа түрсээр боломж гарвал жийсээр манай баг урагшилсаар. Голын хойд талаас наашаа орж ирсэн зам байх болов уу гэж үе харсаар л явав.
Ашгүй 2 км орчим яваад нэг зам хойноосоо ороод ирлээ. Нэгэнт зам байгаа тул доошоо уруудсан л байж таараа гээд голын мөсөн дээгүүр болгоомжтой алхсаар амжилттай гараад буцаад уруудав. Энэ зам харин ирсэн замаас маань тэс өөр юм, зам ч гэж бараг гол шахуу болсон байна. Цаашаа нэгэнт норох нь тодорхой болсон тул эртхэн цайръя гээд Октябрь ахын хамтаар дугуйгаа түрээд туучлаа. Шагай давсан усаар туулаад боломж гарвал жийсээр Сэлбийн эхийн нууран дээрээ буцаад хүрээд ирлээ.
Манайхнаас эрт гутлаа норгох хүсэлгүй байсан хүмүүс нь торлог дундуур гарсан гэнэ. Ихэнх нь гутлаа норголгүй хүрээд иржээ. 700 м ус тойрохын тулд 3.5 км туулаад ирэв. Анхнаасаа л шууд дайраад гарах байж гэж ярилцсаар хамт явсан Бямбаа дүүтэй дээшээ өгслөө. Духын даваа руу өгсдөг замын салааны наана нэг их устай гол урсаж байв. Торлог дотроос нэг гайгүй бадируун шургааг олж ирээд дүү хүүтэй хамжилцаж байгаад гүүр хийж орхиод Духын даваа руу өгсдөг замын эхлэл дээр очин багийнхнаа хүлээв.
Бүгд цугларахад 11 цаг өнгөрч байсан тул Админ бага шиг юм идэж хүчээ сэлбэж авахыг зөвлөлөө. Өглөө GS25-аас дөрвөн хуушуур авсан байсныхнаа нэгийг нь идэж орхив. Эрч хүч буцаад эргээд ирэх шиг боллоо. Духын давааны орой хүртэл явж болно гэхдээ салаа зам таараад эргэлзээтэй бол хүлээгээрэй гэсэн тул Одбаяртай хамт багаа замчлан өгсөж байлаа. Өгсөх тусам жийх боломжгүй болсоор сүүлдээ замын цас их болсон тул замаа орхин хажуу талын ойгоор цасны нимгэнийг барин мод сүлжин үе үе хажууд зам байгаа эсэхийг нягтлан урагшилсаар. Салаа зам таарвал зогсож админыг хүлээнэ.
Энэ явдал хэд хэд давтагдсаны дараа 13 цагт ээлжит нэг салаа замын уулзвар дээр баг зогсон үдийн хоолоо идэхээр боллоо. Нэгийг нь эцсийн мөчид бүр сульдвал идье гэж тооцоод хоёр хуушуур идэж орхив. Усгүй болсон тул ам цангаад байв. Цас ухаж байгаад арай цэвэрхнээс нь идэж цангаагаа түр ч атугай дарангаа дууссан ундааныхаа саванд хийж авч байхтай зэрэгцэн Админы мориндоо командаар хөдөлцгөөв. Шавар бол туучвал туучаад тойрвол тойроод аргалж болдог сон,
Энэ их цас чинь харин зам барьчихаараа яаж ч болдоггүй яггүй эд байна. Анх удаа л хаврын ийм цасан замаар дугуй түрэн алхаж байгаа тул алхам тутамдаа л туршлага сууж байв. Өвөл хунгарлаад хатуурсан цас хавар дулаарахаар доошоо хайлж урсаад сэвсийгээд зөөлөрчихдөг юм байна. Дугуй түрээд явахаар шигдэж ороод зуугаад амар урагшлуулахгүй юм. Ер нь л аяллын толгойд явж сурсан зангаараа цас хагалан урагшилсаар л байлаа. Духын давааны наад энгэрийн зам нь доод талдаа унанги мод, дээд талдаа хадан нурангитай байсан тул хэчнээн цастай ч зам руугаа орон цастай тулалдахаас өөр сонголтгүй болов. Админ ахтай хамт ээлжлэн заримдаа салтаа тулсан цасанд зоогдон дугуйгаа чирч гулдчин байж Духын давааны орой дээрх ганц хувхай модон дээрээ хүрээд ирлээ. Энэ цэг өнөөдрийн аяллын замын дөнгөж тал нь байлаа.
Цаашаа Баруун голын эх хүртэл уруу тул харьцангуй гайгүй гэхдээ л өнөө цастайгаа тулалдсаар Урд талд УТГ Одбаяр, УШТГ Бадрах, УШТГ Сонинбаяр, ШТГ Сүхбат, ШТГ Ёндонжамц, НТГ Элбэгзаяа, Бямбасүрэн тэргүүтэй шижигнэсэн залуустай ээлжлэн зохион байгуулалттайгаар цас хагалан явсаар Баруун голд тулж ирлээ.
Цас хагалах нь дугуйтай салхи сөрөхтэй төстэй юм. Нэг нь түрүүлж цас хагалж зам гаргаад араас нь цуваагаар явж гаргасан замыг дагтаршуулсаар арын хүнд бол бараг сайжруулсан зам шахуу болгож өгдөг юм байна. Цувааны хамгийн эхэнд яваа хүн амархан ядарна. Хоёрдугаарт яваа хүн арай гайгүй гэхдээ л чамгүй ачаалал авна. Гурав дахь нь ч бас л хүч гаргана. Тэрнээс хойш арай гайгүй болно. Эхний хүн ядарвал түр замаас гарч зогсоод цас хагалагч нарыг өнгөрөөгөөд хамгийн сүүлд явж хэсэг хүчээ сэлбэнэ гэх мэт тойргоор ээлжилж ачаалал авч явна. Үнэхээр ам цангаад тэсэхгүй болсон тул шар усаар үерлэж байгаа Баруун голын уснаас саваа дүүргэн ууж амныхаа цангааг ханатал тайлав. Ус нөөцөлж авахаа ч мартсангүй. Сүүлийн ганц хуушуураа идэхэд нүд нээгдэх шиг л болов.
Манайхан ч шууд торлог руу дайрч гараад голын цаад талын Хандгайтын даваа руу өгсдөг зам руу оръё гэж байсан боловч туршлагатай Админы зөвлөгөөг даган голоо дээд талаар нь шууд туулаад гарсан нь зөв шийдвэр байлаа. Голоо туулж гарахад гутал хувцас шалба норох боловч замгүй газраар торлог дунд дугуйгаа чирээд туулснаас бага хүч зарцуулан голын цаад талд гараад гутал, оймсоо тайлан мушгиж сэврээгээд сүүлийн даваа руу цастай тулалдахаар өгсөцгөөлөө.
Одоо нэгэнт үггүйгээр ойлголцдог болжээ. Цас зүсэгч багийнхан маань бахархалтайгаар ээлжлэн зүссээр, замаасаа хазайсан эсэхийг үе үе нягталсаар давааны оройд гараад ирлээ. Овоон дээр дурсгалын зураг татуулаад хүнээ тоолтол нэг хүн дутуу байлаа. Ган-Очиртой хамт буцаад уруудтал холгүйхэн нэг шинэ гишүүн өгсөж байсан тул хоёулаа дугуйг нь аваад даваан дээр авчран багтаа нэгтгээд хөдлөв. Одоо уруудсаар байгаад л засмал замд нийлнэ дээ гэж бодохоор өөрийн эрхгүй инээд хүрнэ. Дугуйгаа түрээд алхахаар удаан дээрээс нь ядраад байсан тул дугуйн дээрээ мордоод нэг хөлөө тулан тормозоо базаад уруудахад амрах шиг л болж байлаа.
Замтай замгүй уруудсаар юу юугүй л Хандгайтын амны дэлгүүр дээр ирснээр хүсэн хүлээсэн хүнс, ундтайгаа залгаж хүчээ сэлбэж авлаа. Нэг ахмад аялагчийн маань бие хэт ачааллын улмаас тавгүйрхэж биднийг багагүй сандаргаад авав.
Харин манай аяллын багт шинээр нэгдсэн эмч залуу байсан тул хурдан арга хэмжээ авсан нь юутай завшаан. Оогий ах Цоко эгч хоёрыг авахаар автомашин ирсэн тул, Ахыг дугуйтай нь ачаад хүргэж өгөхөөр болсон нь том тус болов. Одоо нэгэнт харанхуй болсон тул байгаа гэрлүүдээ асаан хот ортол хоёрын цуваагаар явж аяллаа амжилттай дуусгах шийдвэрээр хөдөлцгөөлөө. 17-ын уулзварт түгжрээний захтай залгасан тул цуваагаар явах боломжгүй болсноор эндээс өөр өөрийн замаа хөөн бутарснаар аялал албан ёсоор өндөрлөж орой 21:30 цагт гэртээ ирэв. Ийнхүү хэдийгээр хүнд замыг туулсан ч дурсамж дүүрэн нэгэн аяллыг бид багаараа хамтдаа амжилттай бүтээлээ. Магадгүй өглөөний тэр сонин зүүд өнөөдрийн хүнд аяллыг зөгнөсөн байх. Нэг л урагшилж өгөхгүй аргаа бараад байсан нь энэ цас байсан бололтой.
ЗҮГЭЭР Л ЖИЙ...
Нийтлэгч Жавхлантөгс Базарсад