Поп дуучин Жастин Тимберлэйк замын хөдөлгөөнд согтуу оролцсон шалтгаанаар жолооны эрхээ хасуулав

Баасан гарагт болсон шүүх хурлаас поп од Жастин Тимберлэйкийн Нью-Йорк мужийн нутаг дэвсгэрт жолоо барих эрхийг хасах шийдвэр гарчээ.
Тэрбээр энэ оны зургаадугаар сарын 18-нд Лонг Айландын Саг Харбор тосгоны ойролцоо BMW үйлдвэрийн автомашинаа согтуу жолоодож яваад цагдаад баривчлагдаж байсан юм.
Одоо Европт аялан тоглолтоор яваа NSYNC хамтлагийн гишүүн асан өчигдрийн шүүх хуралд шүүгчийн зөвшөөрснөөр видео холбоогоор оролцжээ.
Тэрбээр өнөөдөр Бельгийн Антверп хотод тоглолттой юм.
Өмгөөлөгч нь Тимберлэйкийг баривчлагдах үедээ согтуу байгаагүйг батлахыг оролдсон ч Саг Харборын шүүгч Карл Айрэйс поп дуучны Теннеси мужид бүртгэлтэй жолооны үнэмлэхийг Нью-Йорк мужийн нутаг дэвсгэрт хүчингүй болгох шийдвэр гаргажээ.
“Түүний нүд улайж, амьсгалаас нь согтууруулах ундааны хурц үнэр гарч байсан. Мөн анхаарлаа төвлөрүүлж чадахгүй, алхаа гишгээ тогтворгүй, замын хөдөлгөөнд оролцох стандарт шаардлагыг хангахгүй байдалтай байсан” гэж Саг Харборын зочид буудлаас шөнийн 12:30 цагийн орчимд гарч явсан Тимберлэйкийг баривчилсан цагдаа шүүхэд мэдүүлсэн байна.
43 настай поп од тухайн шөнийг цагдаагийн хэсэг дээр өнгөрүүлж байжээ.
Эх сурвалж: Associated Press