Авто нийтлэл: 2018 LEXUS UX - Buyanaa
Авто Тойм

Би ер нь аливаа шинэ Lexus- ийг хараад энэ жинхэнэ урлагийн бүтээл үү эсвэл ээлжит Toyota юу гэж өөрөөсөө их асуудаг болж.Хашир хүний зан байх.Toyota C-HR-ийн адил GA-С платформ дээр боссон Lexus UX-т гоц гойд онцлог байна уу ?
BMW X2, Range Rover Evoque, Volvo XC40 зэрэг бага оврын топ кроссовер дундаас миалчихмаар загвар хайгаад хайгаад олохгүй.Катанагийн цавчилтаар бүтээсэн гэмээр UX ч сэтгэл хөдлөм сүртэй юм.Toyota корпорацын ахлах дизайнер "Май чи!" гэж чангаар хашхирч уран илдээрээ урлагийн бүтээл сийлж буй нь нүдэнд харагдаад байгааг яалтай билээ?
Эрс хурц өнцөг нь салон руугаа аажмаар урсан шилжинэ.Анх харахад эвгүй боловч ашигласан материал, бүтцийн хувьд тун дажгүй салон.Зүүтэй цаг нь л нийт интерьерээс зөрөөд байх юм.
Ерөөс алс ирээдүйгээс айлчилсан энэ автомашины интерьер гэж аюултай юм аа.Ташуу товчлуур, оруулгатай гэрэлтүүлэг, халуун хүйтний тусдаа дэлгэц гээд бүрэн электронжиж, бүтэн цахилгаанжсан салонд суувал мэл гайхаж цэл хөхөрнө.Юу гээчийн газар ороод ирэв ээ гээд шагшиж дуусаагүй байтал хянах дээрх зүүтэй цаг хөрсөн дээр буулгаж орхилоо.Ахлах дизайнерыг гараад явсан хойгуур хэдэн цэргүүд нь холион бантан хутгачихлаа юу энэ чинь.
Энэ бүх чамирхал зузаан түрийвчтэй залууст зориулсан тул хойд тээшинд хоёр жижиг чемодан арай чүү багтана.Гэр бүлтэй хүмүүс анхнаасаа энэ автомашиныг сонирхоогүй нь дээр.
UX-ийн үндсэн хувилбар нь 170 морины хүчтэй, цуваа 4 цилиндртэй 2.0 бензин UX 200 юм.9 секундийн дотор 100 км/ц хурдална гэдэг хэрэг дээрээ хий хоосон амлалтаас цаашгүй.Бензин их иднэ.Бяр чадал муутай.Зүрхний цохилт сул.СѴТ нь удаан.Гоц гойд юм нь хайчив? Нөгөө катанагийн цавчилт яасан бэ?
Манёвр сайтай, авсаархан Lexus UX хот дотор яаж ийгээд учраа олчихно.Харин хотоос гарвал жинхэнэ зангаа таниулна.Хурд сааруулагч, төмөр замын гарам, бага сага замын эвдрэлийг туулаад гаръя гэхээр хамаг дотор эрхтнийг хайр найргүй сэгсчинэ.Нэмээд гадны дуу чимээ салонд тод сонсогдно.Toyota чи минь даанч яав даа?
Хайбрид UX илүү байх юм болов уу? Харъя л даа. Бензин хувилбараа бодвол хойд тэнхлэг дээрх цахилгаан моторын ачаар хурд авах нь 8 мориор илүү хүчтэй.Шатахуун зарцуулалт харьцангуй бага.Урдаа хөтлөгчтэй бензин хувилбар нь 100-д 10 литр давж иддэг бол дөрвөн дугуйн хөтлөгчтэй хайбрид UX ердөө 8 литрийг зарцуулна.
Арын дугуй нь цахилгаан хүчлүүр болдог анхны кроссовер юм.
Уг нь явдал сайхан юм байна лээ.Гэхдээ хаазаа тултал гишгэхээр аяндаа "За одоо болно, жаал наадлаа, амь чинь илүү үнэтэй" гэсэн шиг загнаж хурдаа автоматаар сааруулна.Хурдны төлөө амиа тавьдаг жолооч нар тоормосыг тааруулах гэж нэлээд ноцолдоно.
Жолооны ард цаг болоод буухад бүх сэтгэл хөдлөл бороонд урсах нулимс адил тэр даруй алга болчихсон.
Аэродинамикийг дэмжих үүднээс хойд гэрлийн ирмэгийг ингэж босоогоор хийсэн гэлтэй.Манайд бол өвөл цас тогтоод хэцүү биз.
Дүгнэлт:
Lexus UX бол гоё чамин савлагаатай Тоyota C-HR юм байна.Тэрнээс цаашгүй.Хичээсэн боловч явдлын ялгааг олж хараагүй нь миний буруу биш бөлгөө.
Бензин хөдөлгүүр
170 м.х. цуваа 4 цилиндртэй 2.0 M20A-FKS хөдөлгүүрийг UX200 болон UX 250h-д суурилуулдаг.Нэлээд өндөр шахалтын зэрэгтэй (13,0), оруулах хавхлага дээрээ лазеран форсунктай.Хөдөлгүүртэйгээ хослон ажилладаг Direct Shift-CVT нь байрнаасаа хөдлөхийн тулд уламжлалт шүдтэй дамжуулгыг ашиглаж хурдлах тусам конус ременийг ажиллагаанд оруулдаг.
HYBRID
Hybrid хувилбар нь зэрэгцээ MG1 болон MG2 хос цахилгаан мотортой хоршин ажилладаг.Нийт хүчин чадал нь 178 м.х. Гэвч plug-in-хайбридын зарчмаар дан цахилгаан мотороор явна гэж байхгүй.Цахилгаан мотор нь зөвхөн 115 км/ц хүртэлх хурдаар хэзээ холбогдож, салахаа өөрөө шийддэг.
Давуу тал:
Гаднаасаа ч дотроосоо ч ганган гэж жигтэйхэн
Сул тал:
Гаднаа гяланцаг, дотроо паланцаг
Техникийн үзүүлэлт
200 FWD 250h AWD
Урт/өргөн/өндөр/тэнхлэг 4495/1840/1540/2640 мм
Багаажны эзлэхүүн 227 л
Бодит/бүх жин 1540/1980 кг 1680/2110 кг
Хөдөлгүүр: Бензин, 14, 16 клапантай, 1987 см³; 110 кВт/150 м.х. 6600 эрг/мин; 202 Н-м 4300 эрг/мин
Хайбрид: бензин, 14, 16 клапантай, 1987 см³; хоёр цахилгаан мотор; 131 кВт/178 м.х. 6700 эрг/ мин, 205 Н-м 4400 эрг/мин
Хурд авалт 0-100 км/ц 9,2 c 8,5 с
Дээд хурд 190 км/ц 177 км/ц
Шатахуун/нөөц шатахуун: АИ-95/47 л
Явах анги Урдаа хөтлөгч, CVT Бүх дугуйн хөтлөгч, CVT
BY: Buyanaa Buyanaa Ganbaa